Төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг дэмжлээ

img

 

Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр үдээс өмнө хуралдаж Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.Төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Болор товч танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт санал гарсангүй. Ингээд байнгын хорооны гишүүд хуулийн гурав дахь хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналыг дэмжлээ.

 

Дараа нь " Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Тогтоолын төсөлд улсын төсөв, санхүүгийн өнөөгийн нөхцөлд бодитой дүгнэлт хийж, төсвийн хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалтыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх, түүнд тавих хяналтыг чангатгах шаардлагатай байгааг улсын төсвийн урсгал зардлыг хэмнэсэн тохиолдолд түүнийг цалин урамшуулалд зарцуулах эрхийг төсвийн захирагч нарт олгох журам батлан мөрдүүлж ажиллах, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулинд “0” дүнтэйгээр тусгагдсан хөрөнгө оруулалтын 144 төсөл, арга хэмжээнүүдийн төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан шалтгааныг нарийвчлан тогтоосны дараа тэдгээр төсөл, арга хэмжээний санхүүжилтийн саналаа төсвийн тодотголд тусган 2014 оны 4 дүгээр сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, Улсын Их Хурлын 2008 оны 47 дугаар тогтоолоор  батлагдаж, эргэн төлөх нөхцөлтэйгээр хэрэгжсэн төслүүдийн гүйцэтгэлийг үндэслэн улсын төсөв болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллах, ”Сумын төвийн шинэчлэл” төслийн хүрээнд сумын төвийн цэвэр, бохир усны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж, дулааны нэгдсэн хангамжийг тэргүүн ээлжинд шийдвэрлэх зэрэг асуудлыг Засгийн газарт даалгахаар тусгасан байна.

Харин ”Дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд байгалийн ухааны болон инженерийн чиглэлээр суралцаж буй болон мэргэжлээрээ улсын болон олон улсын олимпиадад 1-3 дугаар байр эзэлсэн суралцагчдыг үндэсний тэтгэлэгт хамруулах” гэсэн заалтыг тогтоолын төслөөс хасахаар тогтлоо.

Байнгын хорооны гишүүдийн олонх нь тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ