Буянт-Ухаа боомтод сургуулилт хийнэ
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд хүн, мал, амьтны шинэ болон дахин сэргэж байгаа халдварт өвчин тогтмол бүртгэгдэж хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсаар байгаа. “Олон улсын эрүүл мэндийн дүрэм”-д заасны дагуу аливаа гоц халдварт өвчин хил дамжин тархах үед хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх нь хилийн боомтод ажиллаж байгаа нийт ажилтнуудын үүрэг байдаг. Иймээс Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын “Олон улсын эрүүл мэндийн дүрэм”, Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөр, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын “Онцгой байдлын үед ажиллах журам”-ыг хэрэгжүүлэх үүднээс Буянт-Ухаа боомтод энэ сарын 21-нд хилийн хяналтын бүсэд халдвар эсэргүүцэх бэлэн байдлыг хангуулах бүрэн хэмжээний дасгал сургуулилт хийх гэж байна.
5
“Эрүүл мэндийн асуудалтай холбоотой үүссэн онцгой байдал” буюу Код-9 зарлагдсан үед хилийн нэвтрэх цэгт халдвар эсэргүүцэх хариу арга хэмжээг хэрхэн зохион байгуулах, хилийн хяналтын болон бусад байгууллагуудын хамтын ажиллагаанд дадлага олгох, халдвар эсэргүүцэх арга хэмжээний бэлэн байдлыг хангах, алба хаагчдыг сургаж дадлагажуулах үүднээс энэхүү дасгал сургуулилтыг зохион байгуулах аж.
5
Тус сургуулилтын бэлтгэл ажлыг хангах үүднээс “Чингис хаан” олон улсын нисэх энэ сарын 13-ны өдөр ширээний дасгал сургуулилт хийсэн байна. Уг дасгал сургуулилтад Буянт-Ухаа дахь Хилийн хяналтын байгууллагууд, Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс, дотоодын болон гадаадын агаарын тээвэрлэгч байгууллагууд оролцсон байна.
5
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ