Шүүхийн шинэтгэл замаа андуурав уу
Эрх баригчдын өмнөө барьдаг зүйл нь шүүхийн шинэтгэл болсныг та бүхэн анзаарсан байх. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, салбарын яам гээд хаа газрын хийж амжуулсан ажлын тэргүүн эгнээнд шүүхийн шинэтгэл дурдагдаж, товчхондоо нүүрээ тахлах хэрэгсэл нь болсон. Үгүйсгэхгүй, шинэтгэл эхэлсэн учраас. Хууль эрхзүйн баримт бичгүүд батлагдсан нь том эхлэл. Харин энэ эхлэлийг хэрхэн үргэлжүүлэхээс шинэтгэл шууд хамааралтай. Өөрөөр хэлбэл, шүүхийн шинэтгэл нэр төдийхөн үлдэх үү, бодит ажил болох уу гэдэг нь цаасан дээрх хуулиар бус амьдралд хэрэгжих үйл явцаар илэрнэ. Гэтэл шинэтгэлийн үргэлжлэл зөв замаар явах эсэх нь эргэлзээтэй болж эхлэв. Энэ хардлагаа хоёр сэжүүрээр тайлбарлахыг хичээв.
1
Гомдогсод дийлэх вий
1
Анхан болон давж заалдах шатны шүүгчдийг ажлаас нь чөлөөлж, шинээр томилох ажил эхэлж, холбогдох бичиг баримтыг Ерөнхийлөгчид өргөн бариад буйгаа Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дуулгав. Ерөнхийлөгчийн зарлиг гартал ямар ч мэдээлэл өгөхгүй гэдгээ ч давхар санууллаа. Ямартай ч шүүгчдийн нэр тодорхой болжээ. Шинэчлэн байгуулагдаж буй тойргийн шүүхүүдэд ажиллах нийт 400 гаруй шүүгчийг томилохоосоо өмнө тэднийг нарийвчлан судалж эхэлсэн байна. Харин шүүгчдийн ажилдаа үлдэх эсэх хувь заяаг ард түмэнд даатгаж буйгаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нар мэдэгдсэн. Мэдээж иргэдийн саналыг авч байгааг буруутгахгүй. Ардчилсан нийгэмд шүүгчдийг томилохдоо ард иргэдээсээ саналыг нь авч байгаа нь зүйтэй алхам. Харин хүссэн хэмжээний үр дүн гарах болов уу. Шүүхийн шийдвэр хүн бүрт таалагддаггүй. Хэргийн оролцогч хоёр талын аль нэг тал гомдолтой үлддэг. Энэ үүднээсээ иргэдийн саналын ихэнх хувийг гомдогсдын үзэн ядалт, өшөө хорсол эзлэх вий. Хэн олон хэрэг шийдвэрлэсэн, хэн олон маргаантай ээдрээтэй эсвэл олон оролцогчтой томоохон дуулиант хэрэг шийдвэрлэсэн, түүнд гомдогсдын тоо тэр хэрээр их байхыг үгүйсгэх аргагүй шүү дээ. Үүнийг ялгаж салгах арга ухааныг ажил хариуцагчид бодож олсон гэж найдъя.
1
Үүнээс гадна зөвхөн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид шигшигдэж буй нь ойлгомжгүй. Дээд шүүхийнхэн цэвэр ариун гэсэн үг үү. Харин ч илүү их “но” Дээд шүүхээс илэрч болзошгүй гэж иргэд дунд яригддаг шүү дээ. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр ихэнх тохиолдолд Дээд шүүх дээр очоод орвонгоороо эргэдэг. Энэ нь анхан шатны шүүхээс гаргасан шийдвэр буруу, хүний эрхийг хөсөрдүүлээд байгаа мэтээр харагдах явдал зөндөө бий. Хамгийн сүүлийн жишээ гэхэд МИАТ-ийн экс удирдлагуудын хэрэг байна. Бүгдэд нь арваас дээш жилийн ял өгч, тэднээс өөр буруутангүй мэт байсан цаг саяхан. Гэтэл тэдэнд Дээд шүүх энэрэнгүй хандав уу. Эсвэл ямар нэгэн нөлөөлөл байв уу. Иргэдийн хувьд уг асуудалд ямар нэгэн нөлөө орсон гэдэг өнцгөөс харж ярьж байгааг Дээд шүүхээс гаргасан шийдвэрийн дараах олон нийтийн цахим сүлжээ болон зарим телевизийн шууд үзэгчидтэй холбогдсон нэвтрүүлгийн сэтгэгдэлээс харж болохоор. Хамгийн гол нь Дээд шүүхийн шийдвэр эцсийнх. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Дээд шүүх хянаж, зөв бурууг тунгаадаг. Харин Дээд шүүхийн шийдвэрт хэнбугай ч хариуцлага тооцох боломжгүй. Шүүхийн тухай хуулийн 17.2-д “Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна” гэсэн товч бөгөөд тодорхой заалт бий. Гэхдээ шударга байя, шинэтгэлээ зөв явуулъя гэж байгаа бол бүх шүүгчийн талаар иргэдээс санал авах нь зүйтэй санагдана. Дээд шүүхийн шүүгчдийг ч ард түмний шүүлтэд оруулж, судалж сонжих нь зүйтэй.
1
Гишүүдээс өндөр цалин авах нь нүгэл
1
Гавьяат хуульч, Хуульзүйн ухааны доктор Л.Бямбаа “...Шүүхийн багц хуулийн хүрээнд шүүгчийн цалинг тогтоох эрх Шүүхийн ерөнхий зөвлөлд хуулиар шилжин ирсэн юм. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулиар төрийн эрх мэдлийг хуваарилсан суурь зарчимд тулгуурлан шүүгчийн эдийн засгийн хараат бус байдлын үндсэн асуудал болсон цалин хөлсийг харилцан хяналт, тэнцвэртэй байх ёстой бусад эрх мэдэл тогтоож ирсэн түүхийг өөрчилсөн нь шүүх эрх мэдлийн шинэчлэлийн эрхзүйд орсон томоохон өөрчлөлт боллоо” хэмээн тэмдэглэжээ. Шүүхийн тухай хуульд “Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөн Улсын Их хуралд шууд өргөн мэдүүлнэ” гэж заасан байдаг.
1
Гэвч эрхэм гишүүд тэднийг баярлуулан гомдоов бололтой. Баталсан хуулиа уландаа гишгэсэн гэж болно. Шүүхийн Ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн 2014 оны үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын төсвийг нийт 238.2 тэрбум төгрөг байхаар тооцоолж, УИХ-д өргөн барьсан. Гэтэл Хууль зүйн болон Төсвийн байнгын хороо ээлж дараалан танасаар үйл ажиллагааны зардлыг 65.1 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын төсвийг бүр 100 хувь хасчихсан аж. Тойргийн шүүх байгуулах орон байр, орон тоогоор нэмэгдэж буй шүүгчдийн суух сандал ширээг ямар мөнгөөр авах вэ. Шүүхийн үйл ажиллагаа тасралтгүй явах нөхцөлийг төр хангах нь харганы ноосны үлгэр болов бололтой. Орон байр яахав, хаа нэг газар шингэдэг юм гэхэд шүүгчийн эдийн засгийн хараат бус байдлыг хангахгүй нь тодорхой болов. Шүүгчдийн цалинг 5-6 сая төгрөг болгож, Монголд байгаагүй өндөр цалинтай болгож байгаа хэмээн сайдаасаа эхлүүлээд олон ч эрхмүүд зарлан тунхагласан. Үнэндээ бол шүүгчдийн цалинг нэмээгүй, энэ парламент ямар ч байсан нэмэхийг хүссэнгүй. Харин иргэдийн хувьд шүүгч нар өндөр цалинтай болсон гэж л ойлгож хүлээгээд авчихсан. Тэдний тархийг эрхмүүд аль эрт баахан угаачихсан учраас иргэд Их хурлын гишүүд шүүгчдийн цалинг нэмээгүй, төсвийг нь танаж хассан гэдгийг мэдээ ч үгүй, бараг дуулаагүй байх. Өөрсдөөс нь өндөр цалин авахыг тэвчиж чадаагүй ч байж болох, эрхэм түшээд.
1
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулинд шүүгчийн цалин амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байхаас гадна эдийн засгийн хараат бус байдалд ажиллах боломжийг хангасан байх ёстой хэмээн заажээ. Товчхондоо аливаа эдийн засгийн сонирхлоос ангид шийдвэр гарган ажиллах боломжийг бүрдүүлэх ёстой. Харин ирэх 2014 оны батлагдсан төсвөөр “дуугай л ажлаа хий, биднээс өндөр цалин авна гэж мөрөөдөх хэрэггүй шүү” хэмээн УИХ-ын гишүүд хэлчихлээ. Улс төр болон бусад зүйлээс хараат бус ажиллуулахын тулд хууль шүүхийн салбарыг хамгийн түрүүнд шинэчлэх ёстой хэмээн камерийн өмнө цээжээ дэлдээд байсан гишүүд маань гэнэт л “Шүүх гэж дэндүү даварсан нөхөд байна. Тусдаа төсвөө гаргаж ирүүлдэг хэн бэ” гэж өмнөх баталсан хуулиа мартан дөвчигнөв. Саяхан л шүүхийн багц хуулийг батлаагүй юм шиг л мэдэн будилж байна, манай гишүүд.
1
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүх засаглалыг шинэчилнэ гэсэн амлалтаараа ард түмний итгэлийг дахин хүлээсэн. Анхны санаачилга, хууль эрх зүйн орчин ч санаснаар сайхан бүтлээ. Харин хөрсөн дээр буух шинэтгэл нэг л буруу тийшээ яваад байх шиг. Шинэтгэлийг үргэлжүүлж, өрнүүлэх шүүгчдийн томилгооноос эхлээд хуулинд заасан бүхний анхны суурь арай л өөрөөр өрөгдөөд байгаа юм биш биз. Эсвэл таны эхлүүлсэн шинэчлэлийг тань парламентын хэд чинь эсэргүүцээд өөх ч биш, булчирхай ч биш болгох гээд байна уу.
1
В.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ