Макро эдийн засгийг зохицуулах гол баримт бичгүүд батлагдав
Монголын макро эдийн засгийг зохицуулах гол хоёр баримт бичиг болох “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл” болон Улсын төсвийг баталлаа. Монголбанкнаас өчигдөр ирэх оны мөнгөний бодлогын талаар мэдээлэл хийсэн юм. Монголбанкнаас юуны өмнө өнгөрсөн онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын талаар товч дүгнэв. 2013 онд манай улсын эдийн засаг гадаад болон дотоод хүчин зүйлийн олон хүндрэлтэй нүүр тулсан. Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал ”Бидний хүлээж байсан эерэг байдлууд сөрөг тал руугаа их өөрчлөгдсөн. Энэ орчинд өнгөрсөн жил УИХ-аас авсан үүрэг даалгаварыг биелүүлэх хүндрэлтэй байсан ч бид давж гарлаа” хэмээв.
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл” хэлэлцэх үеэр 2013 онд валютын зах дээр гарсан өөрчлөлтүүдийн шалтгаан, энэ тал дээр сайн ажиллаж чадсан эсэх тал дээр дүгнэлт хийсэн байна. Иймээс энэ жилийн үндсэн чиглэл дотроо валютын зах зээлийг илүү сайжруулах, боловсруулах чиглэлээр олон заалтууд нэмэгджээ. Жишээ нь, валютын захын оролцогчдоо нэмэх, илүү ил тод болгох, валютын зах зээлд бий болж болзошгүй хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх, энэ чиглэлийн арга хэмжээг нэмэх талаар тодорхой тусгажээ. Мөн нэгдсэн төсвийн валютын ханшийг тооцохдоо нэгдсэн аргачлал, эх сурвалжтай болох зэрэг зохицуулалтуудыг хийсэн байна. Түүнчлэн Монголбанкны хуульд өөрчлөлт оруулах саналууд тусгагджээ.
Н.Золжаргал “Энэ жилийн мөнгөний бодлого дотроо гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах тал дээр Монголбанк, Засгийн газартай хамтарч ажиллах төлөвлөгөөг үргэлжлүүлнэ. Ингэхдээ энэ чиглэлийн хяналт шалгалтыг сайжруулж, зах зээлийн нөлөөллийг эерэг болгох, өрсөлдөөнийг дэмжсэн хэлбэртэй болгох гэсэн үндсэн агуулгууд орсон. Үүнд нэмээд нийт эдийн засагт байгаа зээлийн хүүг одоо байгаагаас бууруулахын зэрэгцээ, эрх зүйн орчныг нь сайжруулах чиглэлээр тусгагдсан” гэв. Энэ онд зээлийн нийт жигнэсэн дундаж хүү 19 хувь байснаас 3 пунктээр бууж, 16 хувь болсон билээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ