Д.Эрдэнэбат: Р.Амаржаргал АН-ын үнэ цэнэтэй капиталын нэг
УИХ-ын чуулганы хуралдаанаар 2014 оны төсвийн төслийг өчигдөр баталсан. 2014 оны төсөв баталсантай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.
FA
-2014 оны төсөв батлагдлаа. Ирэх оны төсөв ямар онцлогтой байж, эдийн засагт ямар бодитой нөлөө үзүүлж чадах вэ?
-2014 оны төсөв өмнөх оныхтой харьцуулахад анх удаа шахсан төсөв болсон. Сүүлийн гурван жилийн төсөв өсөлттэй байсан бол энэ удаад өсөлт зогссон нь нэг онцлог. Энэ төсвийг хэлэлцэх үеэр татвар болон төрийн дарамтыг бий болгоогүй. Татварын орчин таатай байгаа хуучин суурь татвар дээр үндэслэн боловсруулсан учраас ирэх оны төсөвт татварыг нэмээгүй бас нэг онцлог. Хөрөнгө оруулалтын асуудал дээр УИХ онцгой анхаарал хандуулсан. Хөрөнгө оруулалт нь Монголын эдийн засгийн өсөлт, улсын инфляци тогтворгүй байдал үүсгэж ирснийг энэ удаа зогсоох оролдлого хийсэн онцлогтой төсөв болсон. Хөрөнгө оруулалт, урсгал зардлыг танаж, 144, 96 объектын хөрөнгө оруулалтыг царцааснаар эдийн засагт гаргадаг хиймэл үнийн өсөлтийг хязгаарлах боломжийг олгож байгаа юм. Мөн иргэдэд төсвөөр дамжиж очиж байгаа төрийн дарамтыг эрс багасгаж байгаа юм. Дараа нь авлига, төрийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа барилга дээр бараа материалын үнийн өсөлтийг багасгах оролдлого болж байгаа юм. Ард түмний мөнгөөр хийгдэж байгаа бүтээн байгуулалт чанартай, хийсвэр үнийн хөөрөгдөл байхгүй байхыг дэмжсэнээр зөв алхам гэж дүгнэж байгаа. Мөн улсын хөрөнгөөр хийгдэж байгаа барилга, байгууламж цаг хугацаандаа чанартай хийгдэж, дуусдаг байх ёстой. Энэ удаагийн төсвийн нэг онцлог нь урсгал зардлыг танаж чадсан явдал. Төрийн албан хаагчдын цалин, урамшуулалыг хасахаас илүү хэрэглээний зардлуудыг танаж чадсан.
TE
-Хөрөнгө оруулалт, урсгал зардлуудыг танасаар Засгийн газраас өргөн барьсан төсвийн анхны хувилбараас хэчнээн төгрөг танаж чадсан бэ?
-Цэвэр урсгал зардлаас танагдсан нь 200 гаруй тэрбум төгрөг болсон. Хасагдсан хөрөнгө оруулалтуудыг орон нутгийн хөгжлийн хөрөнгө оруулалт буюу төсвийн ашигтай хөрөнгө оруулалт руу зарцуулах нь зөв гэж үзсэн. Энэ утгаараа хөрөнгө оруулалтын төсөв төлөвлөгөөнд 100 гаруй нэрийн хөрөнгө оруулалтыг нэмж төсөвлөсөн.
AS
-Царцаасан объектуудыг аудитын газраас шалгалт хийнэ гэсэн. Ямар хүний буруутай үйл ажиллагаанаас болж төсөвт үр ашиггүй хөрөнгө оруулалт суусан эсэхийг нь судлах уу?
-Царцаасан хөрөнгө оруулалтуудыг шалгахдаа хэн нэгэн буруутныг хайх гээгүй. Энэ хөрөнгө оруулалтууд олон жил дамжсан, барилгын гүйцэтгэл дутуу, зөвшөөрөлгүй, зураг төсөвгүй хөрөнгө оруулалтууд төсөв дээр сууж байсныг бид нэг удаа тормоз гишгэж байна гэж ойлгох хэрэгтэй. Аудитын байгууллага маш сайн нягтлан шалгах ёстой. Ард түмний мөнгийг үр ашиггүй зарцуулаад байгаа ямар объектууд байна түүнийг судлаад, үр ашигтайг нь цааш явуулж, үр ашиггүй нь зогсооё гэсэн санал гаргаж байгаа юм. 144 объектийг царцаахад 132 тэрбум төгрөгийг энэ оны төсөвт суулгасан байсан. Нийт 500 гаруй тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй объектууд яригдаж байгаа юм. 500 тэрбум төгрөг гэдэг бага мөнгө биш учраас бид энэ байдлыг цааш үргэлжлүүлэхгүйгээр нийт төсвийн хөрөнгө оруулалт дээр 760 гаруй объект яригдаж байгаа. Үүнээс 144-ийг нь царцааж, эргэж харая л гэсэн санаа юм. Өмнө нь үрэлгэн төсөв баталж, энэ нь ард түмний нуруун дээр ачаа болдог байсныг зогсоож, цаашид төсөв батлахдаа үрэлгэн байдлыг зогссож, шалгаж үзэе гэж байгаа. Миний ойлгож байгаагаар 144 хөрөнгө оруулалтаас 1/3 нь цааш үргэлжлэх боломжгүй объект байсан.
AS
-Долларын ханшийг багаар тооцоолсон гэсэн шүүмжлэл бас их байгаад байсан?
-Долларын ханшийг 1384 төгрөг байна гэсэн суурь үнийг Эдийн засгийн яам гаргаж ирсэн. Нэгэнт яамд нь тооцоогоо хийгээд гаргаж ирсэн учраас УИХ дур мэдэн өөрчлөлт оруулах боломжгүй. Өнөөдөр 1ам.доллар 1700 гаруй төгрөг байгаа ч төсөв дээр 1700 орчмоор тооцож болохгүй. Хэрэв Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам долларын ханшийг 1384 гэж тооцоолсон бол оноос өмнө эдийн засгийн боломжийг тэлэх үүргээ зайлшгүй биелүүлэх ёстой. Монгол Улс үнэ цэнэтэй орон болгохын тулд газар доорхи баялагийг үнэ цэнэтэй болгох ёстой юм.
D
-Гадаад өрийг ДНБ-ний 60 хувьд барих ёстой гэсэн заалт чуулганы хуралдаан дээр уначихлаа. Тэхээр ирэх онд авах зээлийн хэмжээнд өөрчлөлт орохгүй гэсэн үг үү?
-Монгол Улсын өрийг нэмэгдүүлэхгүй байна гэдэг зөв л дөө. Харамсалтай нь Монгол Улс эдийн засгийн тэлэх боломжийг алдаж байгаа юм. Үнэхээр өнөөдөр төсөв дотор өр, зээлийн асуудлаар асар бага хэмжээтэй болсон. Тухайлбал, одоо баригдах гэж байгаа төмөр зам, боловсруулах үйлдвэрүүдийг хаанаас юугаар барих вэ гэдэг асуудал байгаа юм. Хоёр намын арга барилын хувьд зөрүүтэй зүйл байгаа. МАН-ын хувьд ирээдүйд ард түмнээ их өрөнд оруулна гэж ярьдаг, АН-ын хувьд Монгол орон үнэ цэнэтэй байхын тулд өөрийн гэсэн үйлдвэр, бүтээн байгуулалт, дэд бүтэц, эрдэс баялагийн нөөцтэй байх ёстой гэсэн зарчим баримталж байгаа юм. Энэ жил зээлчих эрхийн хамгийн дээд хэмжээг Засгийн газар 2,5 их наяд хүртэл гэж тогтоож өгсөн. Хуучин хуулийн дагуу ДНБ 40 хувьд хязгаарлагдана. Үүгээр тооцвол 600 сая ам.доллар хүртлэх хэмжээнд зээл авах боломжтой гэж харж байгаа. Энэ мөнгөөр юу бүтээж чадах вэ гэдгийг бас бодолцох ёстой юм. Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдснаар гаднаас шууд хөрөнгө оруулалтууд ороод ирнэ гэсэн ойлголттой хүмүүс бас байна. Нэг талаас хөрөнгө оруулалтын хууль батлагдсанаар гадны хөрөнгө оруулалтууд нэмэгдэх сайн. Гэхдээ хаанаас ямар хөрөнгө оруулалт орж ирээд, энэ нь Монгол үндэсний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг нь хамгийн чухал асуудал. Ер нь бид урт хугацаатай зээл авахын тулд өөрсдийн үндэсний баялаг, өөрдийн үндэсний компаниудтай байж хэн нэгнээс хамааралгүй байж чаддагаараа онцлог. Жижиг улсад хэт их гадаадын хөрөнгө оруулалтын хараат байх юм бол өнөөдрийн Оюутолгой, Тавантолгойн түүх дахин давтагдах магадлал өндөр байгаа. Тиймээс бид өөрсдөө зээл авч, өөрсдөө бүтээдэг зарчим руу хатуу явах ёстой гэдэг дээр зарчмын зөрүүтэй асуудал яваад байгаа.
A
-УИХ-ын чуулган дээр алтны хуулиар завсарлага авлаа. Алтны худалдааны ил тод байдлын тухай хуулинд тусгаснаар роялтийн татварыг 2,5 хувь болгон бууруулж байгаа. Монгол Улсад алт тушааснаар заавал роялтийг бууруулах шаардлагатай юу?
-Хэрэв “Оюутолголгой” ХХК Монгол Улсад алтаа тушаахгүй бол роялти хэмжээ өөрчлөгдөхгүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад алтаа тушаахгүй бол таван хувийн татвараа төлнө. Харин Монголд алтаа тушаавал роялти 2.5 хувь болно гэсэн зарчим юм. Хамгийн чухал асуудал бол Монголын алт Монгол улсдаа байж үнэ цэнэтэй байна. АН ч гэсэн ийм байр суурьтай байгаа.
da
-УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Р.Амаржаргал гишүүн бол хувь хүн биш. Монголын төрд олон жил зүтгэсэн үнэ цэнэтэй хүмүүсийн нэг. Зөвхөн АН-ынх ч биш. Тиймээс бүх зүйлийг олон талаас нь бодох ёстой. Р.Амаржаргал гэдэг хүн АН-аас нэр дэвшсэн, АН-ын үнэ цэнэтэй капиталын нэг. АН-ын лидерүүдээс хэн нь ч ийм шийдвэр гаргаж байгаагүй. Хувь хүний хувьд Р.Амаржаргал гишүүний энэ үйлдэлд их харамсч байгаа. Гэхдээ эцсийн шийдвэрийг УИХ гаргана.
ds
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ