Аюулгүй байдлын салбарын хяналтын талаар туршлага хуваалцаж байна
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Женев дэх Зэвсэгт хүчний ардчилсан хяналтын төвтэй хамтран “Аюулгүй байдлын салбарын хяналт ба аюулгүй байдлын салбарын засаглал: Парламентын байнгын хороодын үүрэг, хариуцлага” сэдэвт хоёр өдрийн сургалтыг өнөөдрөөс эхлэн Төрийн ордонд зохион байгуулж байна. Сургалтад Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны зарим гишүүд, Байнгын хороодын зөвлөх, ажилтнууд оролцож байгаа юм. Тус байнгын хорооны дарга Ц.Цолмон сургалтын ажиллагааг нээж, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Женев дэх Зэвсэгт хүчний ардчилсан хяналтын төвийн дэд захирал, доктор Филипп Флюри нар товч үг хэлсэн байна.
Сургалтад Женев дэх Зэвсэгт хүчний ардчилсан хяналтын төвийн эрдэмтэн судлаачид болон Гүрж, Катар, Киргизстан, Филиппин зэрэг улсын парламент болон олон улсын байгууллагын төлөөллүүд оролцон арга туршлагаа хуваалцаж байгаа юм. Тухайлахад, доктор Филипп Флюри, тус төвийн Шинээр тусгаар тогтносон орнуудын хөтөлбөрийн ахлагч Иден Көүл нар “Парламентын эрх мэдэл, аюулгүй байдлын засаглал” сэдвээр сургалт оролцогчдод танилцуулга хийлээ. Мөн Индонезийн парламентын Төлөөлөгчийн танхимын гишүүн, Хайделбергийн их сургуулийн докторант Адитъя Батара “Парламентын хороондын үндсэн чадавхи”, НАТО-гийн Парламентын Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга асан Саймон Лунн “Аюулгүй байдлын салбарын хяналт, шинэчлэл дэх парламентын оролцоо:-Баруун, төв, зүүн Европын жишээ” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ