11 нэрийн эмнэлгийн тоног, төхөөрөмж хүлээлгэн өглөө
Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банкны “Санхүүгийн хямралын үед ядуу иргэдийн эрүүл мэндийг хамгаалах JFPR-9136 MON” төслийн хамтарсан санхүүжилтээр “Энэрэл” эмнэлэгт тоног, төхөөрөмжийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Нийт 418 сая төгрөгийн үнэ бүхий хяналтын монитор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, сорох төхөөрөмж, татлагын ор, зөөврийн болон суурин дижитал рентген, зураг угаагчийн хамт, тархины цахилгаан бичлэгийн аппарат зэрэг 11 нэр төрлийн тоног төхөөрөмжийг тус эмнэлэгт өгч байгаа юм.
Эдгээр тоног төхөөрөмжийг авснаар “Энэрэл” эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалт 80,3 хувь буюу нэгдсэн эмнэлгийн стандартаар оношилгоо, эмчилгээ хийх боломжтой болж байна. Мөн эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэх юм.
Уг арга хэмжээний үеэр Эрүүл мэндийн сайд Н.Удвал үг хэлэхдээ, “Энэрэл эмнэлгийн үйлчлүүлэгчид ихэвчлэн бичиг баримтгүй, төлбөрийн чадамжгүй, эрүүл мэндийн бусад нэгжүүдээс тусламж үйлчилгээ авч чаддаггүй иргэд байдаг. Мөн өвчин нь хүндэрсэн үедээ эмнэлэгт ирдэг. Тиймээс эдгээр хүмүүст чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх нь бидний үүрэг. Энэ ч утгаараа өнөөдрийн энэхүү үйл ажиллагаа бидний ажилд маш том дэмжлэг болж байна” хэмээн онцлов.
“Энэрэл” эмнэлэг нь Улаанбаатар хотод амьдарч буй ядуу, эмзэг бүлгийн, орон гэргүй, тэнэмэл иргэд, бичиг баримтгүй хүмүүст эмнэлгийн анхан шатны болон нарийн мэргэжлийн хоёр дахь шатлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг. Стационарын тасаг нь 73 ортой, эрчимт эмчилгээ, тусгаарлах, дотор, мэдрэл, мэс засал, гэмтэл, чих хамар хоолой, чиглэлээр жилд дунджаар 2600-2700 хүнийг хэвтүүлэн эмчилдэг байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ