С.Ганбаатар: Боол намайг өршөө
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын санаачилгаар “Ард түмэн Та-Хаан” үндэсний форум энэ сарын 7-ны өдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулагдсан. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй уг форумын үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хэлсэн үгийг хүргэж байна.
/Товчлол/
6
БООЛ НАМАЙГ ӨРШӨӨ
6
Миний өмнө гарч ирсэн хүмүүсийн илтгэлд “Ард түмэн та дэгтэй бай. Хариуцлагатай байгаач” гэдэг санаа яваад байна. Би эсрэг бодолтой байна. Хөгжсөн орнууд хэзээ ч “Ард иргэд маань дэггүй, хариуцлагагүй байна” гэж ярьдаггүй юм. Тэр дундаа улстөрчид хэмээгч “Боол”-уудын амнаас бүр ч гарах ёсгүй. Хөгжсөн орнуудад “Улстөрчид нь улам дэгтэй бай. Шийдвэр гаргагчид нь хэрхэн ухаалаг байх вэ, олигархиудаа хэрхэн нийгмийн өмнө хариуцлагатай байлгах вэ” гэдгийг л ярьдаг. Тэгж байж улс орон хөгждөг. “Хаан” буюу ард түмэн таны бэрхшээлийг шийдье гэж улстөрчид бид уралдан гүйж “Боол” болсон билээ. Харин “Хаан” таны бэрхшээл нь “Боол”-ууд бид өөрсдөө болчихоод байна. Бидний хоорондын үл ойлголцол, намууд доторх фракцийн хагаралдаан, тендерийн будилаан “Хаан” таныг зовоож байна. Уг нь бид “Хаан”-ны бэрхшээлийг шийдэх ёстой хүмүүс шүү дээ. “Хаан” та яагаад ийм тайван байна. “Хаан” та энэ “Боол”-уудын турсгыг хуулж өгөөч. Монголын ард түмэн та “Хаан” гэдэгтээ итгэж “Боол”-уудтайгаа зангарагтай, хариуцлага тооцож ажиллаач гэж би хэлмээр байна. Харин өнөөдөр тэр “Боол”-ууд нь өөрсдийгөө “Хаан” гээд итгэчихэж. Монголын ард түмэн та “Хаан” хэдий ч “Боол” шиг амьдарч байна. Энэ бол эмгэнэл юм шүү дээ. Жишээ нь, Швейцарьт такси барьж байгаа Свен, Монголд такси барьж байгаа Дорж хоёр адилхан хөдөлмөр эрхэлж байна. Гэвч Свен Доржоос 27 дахин илүү орлоготой. Яагаад гэвэл Швейцарьт “Хаан”-аа хүндэлдэг учраас тэр. Тэгвэл Монголд такси барьж байгаа Дорж Свенээс илүү хариуцлагатай, мөсөн замын уралдаанд явж, шөнө өдөргүй хүнд хөдөлмөр эрхэлж байгаа шүү дээ. Доржийг би Свенээс илүү хариуцлагатай бай гэж хэлж чадахгүй.
6
Монголын ард түмэн “Хаан” гэдэгтээ үнэнээсээ итгэмээр байна. Бид өнгөрсөн 23 жил үнэхээр Монгол орны эзэн гэдэгтээ итгэж Ардчилсан хувьсгалыг хийсэн. Харин өнөөдөр бид аажим аажмаар “Нээрээ боол ч юм уу даа” гэж бодож, итгэж эхэлж байна. Үгүй ээ, та “Хаан” хэвээрээ. Харин таныг “Боол” гэж итгэн өөрийгөө “Хаан” гэж бодож байгаа улстөрчдийн задарсан үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй байна. “Та хаан” гэж хэлэхэд зарим ард иргэд “Дапаалаад байна уу даа” гэж бодож магадгүй. Үнэндээ бид “Хаан” юм. Харин “Боол”-ууд газар авч даварч байгаа. “Боол”-уудыг ажлаа хийхийг даалгаж, “Хаан” бид ажлын багаж өгдөг. “Боол”-уудыг бидний төлөө ажлаа сайн хий гэж, “Хаан” бидний бэрхшээлийг шийдээрэй гэж “Боол”-уудад бид багаж, зэвсэг өгдөг. Тэр нь бол контоор, жийп, ширээ, сандал бас хууль зохиох эрхийг өгсөн. Хууль хэрэгжүүлэх эрхийг өгсөн. Хуулиа хэрэгжүүлээрэй гээд бороохой өгсөн. 76 “Боол” бид хууль зохиох эрх авсан. Харамсалтай энэ зэвсгийг “Хаад”-ын өөдөөс ашиглаад байна уу гэж би эмээдэг. Өнөөдөр хууль ашигладаг “Боол”-ууд Монгол Улсад газар авсан байгааг та нар бодоод үз дээ. Харин “Хаан” танд хэзээ ч өгч болдоггүй хамгийн том бороохой таны гарт байгаа гэдгийг санаач. Энэ нь Үндсэн хууль гэдэг маш том зэвсэг “Хаан” таны гарт байгаа. Үндсэн хуулиар шийтгүүлэг субъект нь зөвхөн том толгой “Боол”-ууд юм. Шийдвэр гаргагч нар, 76 гишүүн, Ерөнхий сайд, сайд нар, Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Ерөнхийлөгч гэсэн энэ хэдхэн хүмүүс Үндсэн хуулийн өмнө толгой бөхийн шийтгүүлэх ёстой. Харин Үндсэн хуульд гомдол гаргагч нь зөвхөн ард түмэн та юм. Үндсэн хууль гэгч энэ том бороохойгоо “Хаан” бид ашигладаггүй. Гэвч өнөөдөр маш олон шүүгч “Боол”-уудын халаасанд орчихсон байгаа. Өнөөдөр “Хаан” буюу ард иргэд эрх ашгаа хамгаалах цаг болсон.
6
“Боол” би заримдаа энэ “Боол”-уудын дунд ганцаарддаг. Өнөөдөр “Хаан” таны төлөө төрийн албан хаагчид шударга ажиллаж байгаа. Үнэхээр чин сэтгэлээсээ ажиллаж байгаа. Харин тэд өнөөдөр “Хаан”-д итгэж биш “Боол”-уудын мафид итгэж амьдрахаас өөр аргагүй байдалд орсон. Тэр мафид “Нам” гэдэг гоё нэр өгчихсөн. Энэ бол элит “Боол” байхын төлөө бий болгосон “Боол”-уудын өөрсдийнх нь зохиосон механизм. Тэгэхлээр “Боол” би “Хаан”-даа үнэнч шударга байхын тулд “Хааны ханхүү гүнж нарыг хайрлаж хамгаалъя” гэдэг хууль санаачлаад үндсэндээ жил гаруй болж байна. Энэ бол “Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль”юм. Өнөөдөр 100 мянган ханхүү, гүнж гэр хороололд гэртээ цоожлуулж байна. Энэ хуулийг УИХ-д өргөн бариад жил гаруй болж байна. “Боол”-ууд энэ хууль дээр анхаарахгүй байна. “Хаан” өнөөдөр эмнэлэгт үзүүлэхдээ 180 тэрбум төгрөг төлсөн. Жилдээ манай “Хаад”-ууд 180 тэрбум төгрөгийг ““Боол”-уудаа надад сайн эмнэлэгийн үйлчилгээ үзүүлээрэй” гэж төлдөг. Үүнийг Эрүүл мэндийн даатгал гэж хэлдэг. Харин энэ мөнгийг дундаас нь “Боол”-ууд хулгайлдаг. Элит “Боол”-ууд, сайд “Боол”-ууд энэ 180 тэрбум төгрөг дээр найр хийж байна. Тэд өнөөдөр эмнэлэгт энийгээ тарааж өгдөг. Эмнэлэгүүд хөөрхийдөө “Хаан”-д таалагдах биш хөгийн сайд “Боол” нарт таалагдах гэж ажиллаж байна. Энийг зогсоох гэж Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг санаачилсан. “Боол”-ууд энэ хуулийг хүчтэй эсэргүүцэж байна. Тэд мөнгөнд хайртай болчихсон. Өнөөдөр миний хууль батлагдахгүй байж магадгүй. Гэхдээ би тэмцэнэ. Хэзээ нэгэн цагт нартай сайхан өдөр “Хаан” маань намайг дэмжинэ. Тэр өдөр эмнэлэгүүд “Хаан”-д таалагдах гэж ажилладаг болно гэж би итгэж байгаа.
6
Олон жил Оюутолгой гэж улиглалаа. “Хаан”-даа таалагдах гэж маш их зүтгэдэг. Оюутолгой “Хаан”-ы өмч шүү дээ. Энэ “Боол”-ын өмч биш. Оюутолгойгоог “Хаан” та ашиглуулсныхаа төлөө аль хэдийн 2 тэрбум ам.долларын өрөнд орсон. Та өдөр болгон зээлийн хүү болон менежментийн төлбөр буюу таван цэцэрлэг барих мөнгийг Монголын “Боол”, гадны “Боол” хоёрын хуйвалдаанд өгч байгаа. Оюутолгойн гэрээг сайжруулахаар хэлэлцэж байгаа энэ үед яагаад ард түмэнд мэдээлэл өгөхгүй байгаа юм бэ. Та нар бод доо. Хэдэн арван төсөв, бондтой тэнцүү энэ уурхайг “Боол”-ууд дур мэдэн наймаалцаж байна. Ядахдаа мэдээлэл өгөөсэй. Би хүсч байгаа. Ингээд эцэст нь нэг зүйл хэлье. Өнөөдөр “Боол”-ууд том, том жийп унаж явдаг. “Хаад”-уудын явж байгаа замуудыг хар даа. Улаанбаатар хот бол “Хаан”-д хамгийн халгайтай хот. Та нар явган хүний замыг хар. Улаанбаатар хот бол “Боол”-уудыг толгой дээрээ гаргачихсан. Өнөөдөр “Боол”-ыг битгий шүүмжил. Битгий муул. Зөвхөн “Боол”-уудыг сольж сурах хэрэгтэй. “Хуульгүй дор хулгай, мэдлэггүй дор боол” гэж үг байдаг. “Хаад”-ын мэдээлэлгүй, мэдлэггүй байлгахыг “Боол”-ууд үнэхээр их хүсдэг. Өнөөдрийн арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм байна. Үнэхээр их баярлаж байна. Тэгээд намайг урьсанд бүр их баярлаж байгаа. Богдын Засгийн үед Богд хаан өөрийгөө маш том “Боол” гэдгээ мэддэг байсан. Богд хаан Ардын заргын товчоог Монгол орон даяар түгээж байсан юм. Төгсгөлд нь ганц зүйл хэлье. Хойно маань “Цагаан баавгай” гэж өөрийгөө боддог хаан байгаа. Урд маань “Хөх луу” гэж өөрийгөө боддог хаан байна. Монгол өөрийгөө “Чоно шиг хийморьтой” хаан гэж итгэдэг. Чоно гэж хийморьлог амьтнаар өөрийгөө төлөөлүүлдэг. “Хаан” маань өөдрөг байгаасай. Чоно хэзээ ч хонь шиг байж болохгүй ээ гэж хэлмээр байна. Хонь шиг чоно хаана ч байж болохгүй.
6
Боол намайг өршөө...
СЭТГЭГДЭЛ БИЧИХ