“Хальтиргаагүй Улаанбаатар” гурван сарын аян өрнөнө

img

Өвлийн улиралд иргэд хальтиргаа гулгааны улмаас гэмтэх нь их байдаг. Иймээс Нийслэлийн төр захиргааны болон хууль хяналтын байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэд  хамтран энэ сарын 20-ноос “Хальтиргаагүй Улаанбаатар” 3 сарын аяныг зохион байгуулах гэж байна. Аяны хүрээнд нэгдсэн төлөвлөгөө гарган сургалт, сурталчилгаа зохион байгуулж, зөвлөмжийн дагуу нөлөөллийн арга хэмжээ авах хоёр  ажлын хэсэг гарчээ.
Явган хүний зам талбайн хальтиргааг бууруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Зам тээврийн яам, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниуд, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Монголын оюутны холбоо, хууль хяналтын байгууллага, аж ахуйн нэгжүүд орсон байна.
Харин  Гэр хорооллын гудамж талбайн хальтиргааг бууруулах ажлын хэсэгт дүүрэг, хорооны Засаг дарга, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Сайн дурын идэвхтэн иргэд, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, ЭМШУИС-ийн оюутан, Монголын оюутны холбоо орж байгаа юм. Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төв иргэд хальтирч унан гэмтсэн тохиолдлуудыг бүртгэн тандалт хийж хэн, хэзээ,хаана бэртсэн болохыг мэдээлэх юм. Мэдээллийн дагуу нийслэлийн дүүрэг хороод тохижилт үйлчилгээний газрууд хальтиргааг бууруулах арга хэмжээ авч ажиллана. Мөн хүн амын дунд хальтиргааны улмаас үүсэх осол бэртлээс сэргийлэх сургалт сурталчилгаа зохион байгуулахаас гадна  сургуулийн сурагч, оюутан сайн дурын идэвхтэн иргэдийг гудамж талбайд хальтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлэх ажилд татан оролцуулах аж. Албан байгууллага бүр орчныхоо 50 м хүртэлх газрыг хариуцан хальтиргаа гулгаа үүсгэхгүй байхад анхааран ажиллахыг сануулан, удаа дараа цэвэрлэгээ хийгээгүй аж ахуйн нэгжид хариуцлага тооцохоор төлөвлөж байгаа талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ikh medegch:
tsasii ni arilgasan gesen ch naad tavisan golgor toosgo yum chine bur aimar halitaruuldag yum bna leeshdee
2013-11-19
соня:
хэрэгжүүлж чадвал сайхан санаа байна. өнгөлсөн гадаргуутай чулуун хавтангуудыг ховхлож, аваад, барзгар гадаргуутай / засаж, өнгөлөөгүй/ чулуун хавтангаар гудамж талбайг тохижуулмаар юм.
2013-11-19