С.Ганбаатар гишүүний хүсэлт “бай”-гаа оносонгүй
УИХ-ийн гишүүн С.Ганбаатар өнөөдөр Дэлхийн банкны Зүүн өмнөд Азийн Нийгмийн салбарын захирал Шио Чин Юү тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. Тэрбээр “Рио Тинто” компани Оюутолгой төслийн хүрээнд нэмж зээл авч байгааг эсэргүүцэж, энэ талаар Дэлхийн банкныхныг санал нэгдэн, тус компанид анхааруулах зөвлөмж хүргүүлэхийг хүссэн юм. Энэ тухайгаа С.Ганбаатар гишүүн “”Рио Тинто” компани эхний ээлжинд 4 тэрбум ам.долларыг 4 банкнаас Монголын ард түмний баялгийг барьцаанд тавиад зээл авна. Цаашдаа энэ зээлээ 24 тэрбум ам.долларт хүргэнэ гэж ярьж байгаа. Энэ нь биднийг ирээдүйд маш их хэмжээний өрөнд оруулах аюулд хүргээд байна. Өрнөөсөө илүү гарсан татвар юм уу орлогыг бид авч чадахааргүй тооцоо гарч байгаа. Үүний улмаас монголчуудыг орлоготой болгоно, үйлдвэр байгуулж, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудлыг үгүй болгож байна. Энэ бол нийгмийн асуудал” гэв.
Иймд энэ талаар олон улсын байгууллагын хувьд олон оролцогчтой компанид хэлж өгч, Монголын ганцаардаад байгаа дуу хоолойг хүргэж өгөөч гэж хүслээ. Гэсэн ч Шио Чин Юү хатагтай “Бид эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын чиглэлийн асуудалд төвлөрч ажилладаг. Харин таны тавьсан хүсэлт нийгмийн салбараасаа хальсан тул би өөрийгөө хариулахад тохиромжтой хүн гэхэд эргэлзэж байна” гэж эелдэгээр татгалзав. Тиймээс гишүүний асуултад зээл тусламж хариуцсан хүмүүс илүү тодорхой хариулт өгөхийг тэрбээр мөн зөвлөлөө.
.
Үүний хариуд С.Ганбаатар гишүүн тийм амархан бууж өгсөнгүй. Гишүүн “Рио Тинто” биднийг маш их өрөнд оруулж нийгэм рүүгээ чиглэсэн ажил хийхэд хүндрэл учруулж байгаа гэдэг утгаараа таньд хандлаа. Нийгмийн салбарын захирлын хувьд үүнд анхаарал хандуулж, туславал их сайн байна. Бид “Рио Тинто”-той хамтраад ашигтай ажиллаж чадвал зээл аваад, гуйлгачин царайлж явахгүй болов уу гэдэг үндэслэлээр өөрөөс чинь асуулаа” гэв. Тэрбээр мөн “Энэ дашрамд дурдахад Дэлхийн банкнаас “Рио Тинто”-д 750 сая ам.долларын зээл өгөхөөр ярьж байгаа. Гэтэл тухайн компани бидний газар нутгийг барьцаанд тавьж байгаа талаар таны сонорт хүргэж байна” хэмээсэн юм. Түүнчлэн гишүүн “Рио Тинто”-ийн зээлийн хүүд өдөр бүр 5 цэцэрлэг өгч байгаа. Энэ нь монголчуудын нийгмийн асуудалд дэндүү онцгой нөлөөлж байгаа тул Дэлхийн банкныханд ийнхүү уламжилж буйгаа хэллээ. Учир нь “Рио Тинто”-д олгож буй зээлийг Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорациас дэмжиж, зохицуулдаг хэмээн С.Ганбаатар гишүүн ярьсан юм.
Харин Олон улсын санхүүгийн корпораци бол Дэлхийн банк группын хувийн хэвшлүүдтэй ажилладаг байгууллага. Иймээс нийгмийн салбарын асуудалд оролцдоггүй учраас энэ байгууллагын үйл ажиллагааг илүү сайн мэддэг удирдлагуудтай уулзаж асуудлаа тавьбал зүйтэй болов уу гэсэн байр суурийг Шио Чин Юү хатагтай илэрхийлж, “Рио Тинто”-той холбоотой асуудал дээр ам нээсэнгүй. Гишүүний хувьд ч “Дэлхийн банкийг нэг гараараа нэг цэцэрлэгээр туслачихаад нөгөө гараараа таван цэцэрлэгийн хүүтэй зээл өгч байгаа нь хүндрэлтэй байна. Энэ тал дээр сайн ярилцаж ойлголцох хэрэгтэй” хэмээн өөрийн байр сууриа дахин дахин илэрхийлээд амжив.
.
Ийнхүү УИХ-ын гишүүн С.Ганбаатарын Оюутолгойн асуудлаар Дэлхийн банкинд тавьсан хүсэлт “бай”-гаа оносонгүй. Тэрбээр Дэлхийн банкны Зүүн өмнөд Азийн Нийгмийн салбарын захирал болон бусад албаны хүмүүстэй хийсэн уулзалтаа тэтгэврийн сангийн талаарх яриагаар үргэлжлүүлсэн юм.
.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ