Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

img

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн  хуралдаанаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн А.Тлейхан, С.Бямбацогт нар эдгээр хуулийн төслийг ажлын хэсгийн хуралдаанаар дахин нухацтай хэлэлцэх нь зүйтэй тул хэлэлцэхийг хойшлуулья гэсэн саналтай байв. Харин Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Ирэх жил орон нутагт дэд бүтцийн хөрөнгө оруулалтын томоохон ажлууд хийгдэнэ. Бүтээн байгуулалтын ажил хавар гуравдугаар сараас бараг эхэлнэ. Гэтэл дэд бүтцийг байгуулахад шаардлагатай элс хайрга болон бусад түгээмэл тархалттай ашигт малтмалын нөөц зарим газарт дууссан, зарим газарт илэрц байдаггүй. Тиймээс барилгын үйлдвэрлэл эхлэхээс өмнө хуулиа батлан, цаг хугацаатай уралдан бүтээн байгуулалтаа эхлүүлэх хэрэгтэй байна хэмээн тайлбарласан юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг батлагдах гэж байгаа энэ цаг үед энэхүү хуулийг батлавал бодлогын баримт бичигтэй зөрчилдөх биш үү гэж лавлаж байлаа. Уул уурхайн сайд Д.Ганхуягийн тайлбарласнаар, дээрх хуулийн төслийг батласнаар Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигтэй зөрчилдөх, харшлах зүйл байхгүй юм байна.

Гишүүд ийн хэлэлцсэний дараа хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтлоо.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ