Л.Бодьгэрэл: Аавыг минь цагаатгаж өгөхийг л хүсч байна

img

1932 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Хөвгөл аймгийн Рашаант сумын нутагт Монголын түүхэнд “Зэвсэгт бослого” хэмээн тэмдэглэгдэн үлдсэн тэр нэгэн түүх эхэлжээ. Энэхүү бослогын тухай өнөөгийн залуучууд ямар мэдлэгтэй байдгийг мэдэхгүй.

:

Энэ бослогын тухай Монголын түүхэнд бичсэнээс арай өөрийг өгүүлсэн буюу судлаачийн өөрийн нотолж буйгаар тухайн үеийн үнэнийг агуулсан “Гадаадаас турхирсан 1932 оны бослого” хэмээх түүх, дуртгал, дурсамж, нийтлэл, тэмдэглэл, захидлын эмхтгэлийг Бөөчүүд овогт Банзайн Зинамидар гуай хэвлүүлсэн байдаг. Тэрбээр нэгэн үеийн түүхэн үйл явдлын мөрөөр мөшгөн амьд гэрчийн болон сонин хэвлэлийн баримт, бодит үйл явдлаар баримтжуулан ном болгосон тухайгаа бидэнд өгүүлсэн. Түүний номын өмнөтгөлд “Эл зэвсэгт бослогын явцад урьдчилсан бүрэн бус тооцоогоор дунджаар 6000 орчим хүн хоёр талаас амь насаа алдсан байна. Энэ тоог ХХ зууны Монголын түүхэнд тохиолдсон хоёр том дайнд МАХН-ын үзсэн буцалтгүй хохиролтой харьцуулбал Халх голын дайнаас 25 дахин их, чөлөөлөх дайныхаас 600 дахин их байгаа бөгөөд улс төрийн хэлмэгдүүлэлтийн дараа орох хүн хүчний асар их хохирол юм...” хэмээн цохон тэмдэглэжээ.

:

Монголын түүхэнд үлдсэн, монгол хүмүүсийн цусыг хамгийн ихээр урсгасан энэхүү үйл явдалд өртөж, буудуулж хороогдсон иргэд буюу тухайн цаг үед нутаг усандаа эр хүнгүй үлдэж байсан Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул иргэдийн төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Эдний дунд тухайн цаг үеийн бослогот өртөж, хэлмэгдэн буудуулсан ардын үр хүүхэд ч ирсэн байв.  Тэд Монголынхоо төр засагт хандан мэдэгдэл хүргүүлэх болсон тухайгаа хэлсэн. Ингэхдээ энэ хүмүүс хоёрхон зүйлийг хүсч байгаа аж. Эхнийх нь 1932 оны бослого хэлмэгдүүлэлтэд хэдэн хүн өртөж, хороогдсон талаарх судалгаа явуулж тоо баримттай мэдээллийг гаргаж, түүнд өртөж гэмгүй атлаа хороогдсон хүмүүсийн нэр төрийг сэргээн, цагаатгаж өгөх. Хоёрдугаарт, тухайн цаг үед болсон үйл явдлыг үнэн бодитоор нь Монголын түүхэнд тусгаж өгөхийг хүсч байгаагаа хэлсэн.

:

Хөвсгөл аймгийн Рашаант суманд гадаадаас турхирсан бослого гарахад дөнгөж хоёр настай байсан С.Бодьгэрэл гуай өдгөө нас сүүдэр 84 хүрч байгаа аж. Түүнээс тухайн үед болсон ядвлын талаар асуухад би тэр үед нялх байсан болохоор нүдээр үзсэн зүйл юу байхав. Харин ухаан орсон цагаас эхлээд тэр цагийн үеийн бодит гэрчүүдээс сонсож дуулснаа товчхон яръя гэсэн юм.

::

-Танай суманд гарсан бослогын талаар та өөрийн мэдэх зүйлээ ярьж өгнө үү?

-Тухайн үед манай сумын ард түмэн шашин төрөө хамгаалж эсэргүүцэл зарласан юм шиг байгаа юм. Гэтэл тэнд гарсан ардуудын бослогыг дарахаар Намын төв хороо Засгийн газраас онцгой бүрэн эрхтэй н.Өлзийбат гэдэг хүнээр удирдуулсан 2-3 машин дүүрэн цэрэг бүхий отряд явуулсан гэдэг. Ингээд Рашаантын хүрээнд цэргүүд ирж лам, хар, ноёд тайж ялгалгүй бүх эрчүүдийг баривчлан сүмд гурван хоног хорьсон. Энэ дунд миний буурай аав, аав болон авга ах маань явсан. Тэдгээр хүмүүсийг гурав хоногийг турш байцааж, өмнө нь юу хийж байсан болон хэргэм зэргийг нь л асуудаг байсан гэсэн. Ийнхүү гурав хоногийн дараа нэг машинд лам нар, нөгөөд нь ноёд тайж, харчуудын ачаад сумын урд талд аваачин, “Адгийн зураа” гэдэг газар ноёд тайж, харчуудыг, Лам нарыг “Тээгийн дөрөлж” гэдэг газар буудан хороосон гэдэг. Харчууд тайж нарыг буудаад эхлэхээр миний буурай аав “би энд отгон хүүтэйгээ ирсэн. Түүнийг минь буудвал хоёрхон настай хүү, эхнэр хоёр нь үлдэх гээд байна. Тиймээс намайг хороогоод хүүг минь явуулчих” гэж хэлсэн байгаа юм. Гэтэл хүүгийн чинь нэр хэн бэ гэж асуугаад Сайнбаяр гэхээр нь аавыг минь өвөөгийн урд дуудаж авчраад хоёуланг нь нэг сумаар буудан хороосон юм байна лээ. Харин эдгээр хүмүүсийн дундаас Бүдээ тойн гэдэг хүн хүмүүсийг буудаж эхлэхээр ухаан алдсан байж, амьд үлдэн, тэр явдлаас хойш 6-7 жилийн дараа нас барсан. Тэр хүнээс болон тухайн үеийн амьд гэрчүүдээс энэ мэт үнэн түүхийг сонсож мэдсэн дээ.

:

-Одоо энэхүү үнэн түүхийг ярих эх сурвалж танай нутагт хэр олон байна вэ?

-Ховорхон доо. Би одоо 84 хүрэх гэж байна. Надтай чацуу эрэгтэй хүн хоёр гуравхан бий. Харин надаас дээш настай эмэгтэй хэд байгаа.

:

-Тэр үед таныг босогчийн үр сад гэж дарамт шахалт үзүүлж байв уу?

-Нэг их айхтар дарамтлаад байсан зүйл байхгүй дээ. Гэхдээ тэр үйл явдлаас хойш ээж маань нэг гэр барьж гурван настай надаар өрх толгойлуулах гэхэд энүүгээр болохгүй. Чи өөрөө өрх толгойлж, хүүхдээ өөрөөрөө овогло гэснээр одоог хүртэл би ээжээрээ овоглож Лхамжавын Бодьгэрэл гэж явдаг.

:

-Төр засгаасаа хүсч буй зүйл юу байна?

-Надад ийм, тийм зүйл өг гэж хүсч, шаардах зүйл алга. Тэтгэврээ аваад түүгээрээ амьдраад болоод л байна. Харин аавыг минь цагаатгаж, нэр төрийг нь сэргээж өгөхийг л хүсэх байна даа.

.

 Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

коммунизм:
дээр бичсэн хүнд: та тархиа сайн угаалгасан байна. коммунистууд өөрсдийн булайгаа дарахын тулд зүрхээр туг тахисан цуунуудыг гаргасан, өөрсдөө ингэж олноор нь хядаж устгаж байсан байгаа юм. монголчууд 99% нь бичиг үсэггүй байсан, бүгд тэмбүүрсэн байсан зэрэг шал худал суртал ухуулгуудад одоо хүртэл итгэсэн, тэгтлээ тархиа угаалгасан хөөрхийлөлтэй хүмүүс байсаар байгаа. монголчууд их гүрний үлдэгдэл гэсэндээ монгол, манж, түвд, хятад хэл бичигтэй хүмүүс тэр үеийн дэлхийн дунджаас л олон байсан. кирил үсэг мэдэхгүй хүн 99% байна гэж нэг коммунист нь бичээд тэрийг нь өлгөж авсан. тэмбүүний хувьд бол анх улаан тариа гэгч гараад дэлхий даяар эрүүлжүүлэх хөдөлгөөн гарч бүх улсад тарилга явж байсан болохоос монголчууд ганцаараа балраад оросууд ирээд тарьж эдгээсэн юм биш. оросдоо ч, бусад улсад ч бас тийм хөдөлгөөн явагдсан. тэрийг л коммунистууд ашиглаж монголчуудыг доош нь хийсэн
2013-11-20
зочин:
харамсалтай байна. тэгэхдээ тэр эсэргүү бослогод оролцсон хүмүүс чинь олон хүний зүрх сугалсан олон хүнийг тамлаж алсан байдаг шүү дээ түүхийн ийм асуудалд өнөөгийн энэ цаг үед маш нухацтай хандах хэрэгтэй. энэ талаар түүхчид мань тэр бослогын талаар маш сайн судалгааны зүйлийг олон түмэнд ил болгох нь зөв босогчдод алуулсан хүний хувь заяаны талаар мэдэлэл ч хэрэгтэй
2013-11-20
bold:
zuv l duu. tenegtej bi hohirch uhlee hatlaa gesengui huurhii. zugeer l tsagaatgaad uguuch geed baigaa um baina. teriig ni shiideed ugchihuj boldoggui um baih daa. ene kommunistuud bas alna shuu.
2013-11-19
жагаа:
улс төрийн ууган хүчин ман махн бүгд байна .их хурлаа хийчихсэн иргэдтэйгээ уулзаж байгаа алдаа дутагладаа дүгнэлт хийж байгаа гэсэн тэдэнтэй уулзаж хохирол юугаа авах талаар ярь.тогтоол гаргаж хохироосон инстутын хувьд хариуцах эзэн нь хажуухан талд чинь байна.тэд хариу өгөх ёстой
2013-11-19
жагаа:
улс төрийн ууган хүчин ман махн бүгд байна .их хурлаа хийчихсэн иргэдтэйгээ уулзаж байгаа алдаа дутагладаа дүгнэлт хийж байгаа гэсэн тэдэнтэй уулзаж хохирол юугаа авах талаар ярь.тогтоол гаргаж хохироосон инстутын хувьд хариуцах эзэн нь хажуухан талд чинь байна.тэд хариу өгөх ёстой
2013-11-19
жагаа:
улс төрийн ууган хүчин ман махн бүгд байна .их хурлаа хийчихсэн иргэдтэйгээ уулзаж байгаа алдаа дутагладаа дүгнэлт хийж байгаа гэсэн тэдэнтэй уулзаж хохирол юугаа авах талаар ярь.тогтоол гаргаж хохироосон инстутын хувьд хариуцах эзэн нь хажуухан талд чинь байна.тэд хариу өгөх ёстой
2013-11-19
tumur:
iim khumuus olon baidag baikhaa khuurkhii
2013-11-19