“Байгаль-Шинжлэх ухааны үндэсний музей”-тэй болно

img

Манай улсад орчин цагийн анхны музей байгуулагдсанаас хойш 90 шахам жилийн хугацаанд музейн тогтолцоо бүрэлдэн бий болжээ. Энэ оны байдлаар улс, орон нутгийн 32, сургалтын гурав, төрийн бус байгууллагын болон хувийн найм, нийт 43 музей,  225 орон нутаг судлах танхим ажиллаж байна. Улс, орон нутгийн музейнүүдэд нийт 204671 нэгж үзмэр хадгалагдаж байгаа аж.

Эдгээрийн нэг, манай томоохон музей болох “Байгалийн түүхийн музей”-н барилгыг ашиглах боломжгүй гэх мэргэжлийн байгууллагын дүгнэлтүүд 2009-2011 оны хооронд гарчээ. Үүнийг үндэслэн музейн үндсэн үйл ажиллагааг энэ оны өнгөрөгч тавдугаар сараас зогсоож, үзмэрүүдийг зориулалтын фонд руу нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж байгаа. Харин энэ сарын 08-нд ССАЖЯ-аас Музейн барилгын зураг төсвийн зөвлөх үйлчилгээний тендер зарлагдсан. Музейн хэтийн концепц боловсруулан музейн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх бэлтгэл ажил явагдаж, “Байгаль-Шинжлэх Ухааны Үндэсний музей” болгох зорилт тавин ажиллаж байгаа юм байна.

Монгол улсад үндэсний музей 1924 онд байгуулагдахад эх орныхоо байгалийн олдворын дээжийг тавьж, үзмэрүүдийн үндсэн хэсгийг бүрдүүлснээр Байгалийн музейн суурь тавигджээ. 1991 оны 9-р сарын 30-нд тухайн үеийн Соёл урлагийн хорооны даргын шийдвэрээр Улсын Төв музейн байгалийн тасгийг Байгалийн Түүхийн Музей болгон өргөжүүлж одоогийн энэ байранд үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн аж.

Тус музейн үзмэр нэь Монгол  орны газарзүй,  Геологийн түүх, эрдэс, ашигт малтмал, Эртний болон орчин үеийн ургамал судлал, Эх газрын амьтны аймаг /хөхтөн, шувуу, загас, шавьж,  мөлхөгчид, хоёрнутагтан/, Нэн эртний амьтан, ургамал /палеонталоги/ Хүний гарал, үүслийн хэсгээс бүрддэг.

Музейн барилга нь 6000 м.кв талбайтай, үүнээс 2700 м.кв бүхий 40 танхимд нийт үзмэрийн 14% болох 1053 ширхэг үзмэрийг дэглэн харуулдаг. Нийт 7800 гаруй үзмэртэй, жилд 80-90 мянга гаруй  үзэгч үздэг байжээ.

5

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ