Хааны албаас хавчихын алба хүнд шүү хотын дарга аа!

img

Жолооч, кондуктор бол хүн, тэд үр хүүхэд, хань ижилтэй!

Оюутан залуус, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үнэ төлбөргүй тээвэрлэдэг нь том оврын автобус байдаг. Үүнийхээ төлөө улсаас  нөхөн олговор авдаг. Өнгөрсөн жил том оврын автобуснуудад олгох нөхөн олговорыг 30,9 тэрбумаар төсөвлөжээ. Гэтэл 5 тэрбум нь сох дутсан байна. Энэ мөнгө хаачсан бэ? гэж том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны удирдлага болон автобусны хувийн компаниудын дарга нар асууж байгаа.

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн засаг даргын тамгын газарт хотын мэр том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийг хүлээн авч уулзсан. Тухайн үед  дээрх 5 тэрбум төгрөг хаачсаныг хотын даргаас асууж байв. Гэвч хотын дарга 2010 оны асуудлыг ярихгүй байх хэрэгтэй, 2011 он гарчихаад байна гэж байлаа. Ийм байдлаар Г.Мөнхбаяр дарга 5 тэрбум төгрөгийг юунд зарцуулсанаа хэлж чадахгүй өнгөрсөн юм.  Энэ мөнгө алга болсноос болоод хувийн компанид  том оврын автобус барьдаг жолооч нар нөхөн олговор буюу  цалингаа авч чадаагүй. Цалингаа авч чадаагүй жолооч нар шинэ жилийн баяраар хүүхдүүдийнхээ өмнө эвгүй байдалд оржээ.  Баярын ширээ засах нь бүү хэл торт, шампанск авах мөнгө тэдэнд байгаагүй юм байна.

Шинэ оноо ийм байдлаар угтсан жолооч нар цагаан сараар хоосон суухыг хүсэхгүй байгаа. Тиймээс тов оврын автобусны үйлчилгээ эрхэлдэг хувийн компанийн дарга, захирлууд хотын даргаас 5 тэрбум хаачсаныг асуугаад байгаа хэрэг. Эс бөгөөс нийслэлчүүдийн хөл дүүжлэх гол унааны жолооч нар өрөнд баригдаж, өтөнд идэгдэж дуусах гээд байгаа юм. Том оврын автобус барина , жолоодно гэдэг бэрх. Энэ бол буяны унаа. Яагаад гэвэл боломжтой мөнгөтэй нэг нь хувьдаа машинтай, бүр болохгүй бол такси барьчихна.

Харин автобусанд мөнгө муутай, эсвэл нийтийн тээврээр үнэгүй зорчигчид л суудаг. Мөнгө өгч байгаа нэг нь 100 төгрөг л өгч байгаа харагддаг. Ийм байхад том оврын автобус зорчигчдоосоо мөнгө олж, түлшээ хийнэ гэдэг үлгэр. Тиймээс л түлшний өрөнд орсон жолооч нар их байгаа. Тэгэхээр автобусны жолооч нарт улсаас өгдөг нөхөн олговрыг нь гар татахгүй өгөх шаардлагатай байгаа юм. Жолооч , кондуктор бол хүн. Тэд ардаа амьдралтай, үр хүүхэдтэй. Тэдний үр хүүхэд өмсөж зүүх, идэж уух эрхтэй.

Хааны албаас хавчихын алба хүнд шүү хотын дарга аа!

Автобусны жолооч, кондукторууд өглөө бүр 5 цагт босдог. 5 цаг 30 минутаас гэрээсээ гардаг. 6 цаг эсвэл 6 цаг 30 минутанд ажлынхаа байран дээр ирнэ. Ингээд автобусаа асаагаад шугамандаа гарна. Өдөржингөө нэг замаар 8-9 удаа тойрдог. Бөөнөөрөө зогсох аргагүй учраас бусадтайгаа ярьж байгаад ээлж ээлжээр өдрийн ундаа ууна. Хүн л юм хойно бие засах шаардлага гардаг. Ийм тохиолдолд автобусныхаа эцсийн зогсоол дээр л бие засах боломжтой. Ойролцоох баар эсвэл цайны газраар орж бие засацгаадаг. Хэрвээ замын голд бие засах шаардлага гарвал тэвчиж, хавчихаас өөр арга байдаггүй гэж байгаа. Хэрвээ булан тохой бараадаж бие засвал бохир заваанаараа дуудуулдаг. Хааны албаас хавчихын алба хүнд шүү дээ хотын дарга аа. Автобус явдаг чиглэлүүдэд бие засах газар байхгүй байгааг та бодож нэг үзээрэй.

Ж.Батхишиг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ