Ирэх онд орон сууцны үнэ буурах уу
Орон сууцны үнэ энэ оны зургадугаар сараас хойш буюу найман хувийн зээл олгож эхэлснээс хойш 15-25 хувиар өссөн талаар Үл хөдлөх хөрөнгийн судалгааны байгууллагаас гаргажээ. Судалгаанаас харахад Хан-Уул, Баянзүрх дүүрэгт орон сууцны үнэ хамгийн их хувиар өсчээ. Харин Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага буюу сарын 0.3 хувийн өсөлттэй байгаа аж.
5
Манай улсын хүн амын 60 орчим хувийг 35-аас доош насны залуус эзэлдэг тул цаашдаа ч орон сууцны эрэлт улам ихэснэ хэмээн шинжээчид үзжээ. Монголын Барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ойрын 10 жилд 350-360 мянган айлын орон сууц барьж байж Улаанбаатар хот гэр хорооллоосоо салах юм байна. Харин аймгуудад 1000 айлын орон сууц барьсны дараа хотын статустай болно гэсэн байдаг. Тэгвэл цаашдаа орон сууцны үнэ буурах уу.
5
Барилгын материалын үнэ тогворжсон гэв
5
Энэ онд барилгын материалын үнийг тогтворжуулах хүрээнд гол нэр төрлийн материалын дотоодын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад зориулж 68 компанид 166.7 тэрбум төгрөг, зайлшгүй импортлох шаардлагатай барилгын материал (цемент, арматур)-ын улирлын шалтгаантай нийлүүлэлтийн хязгаарлалтыг арилгахад зориулж 55 компанид 125.4 тэрбум төгрөг өгсөн. Ингээд нийтдээ 292.1 тэрбум төгрөгийн зээлийг банкуудаар дамжуулан олгосон талаар “Construction Mongolia-2013” чуулга уулзалтын үеэр Барилга, хот байгуулалтын сайд мэдэгдсэн билээ. Үүнтэй холбоотойгоор 2012 онтой харьцуулахад барилгын салбарын зээлийн өсөлт 62 хувиар нэмэгдсэн байна. Зээл өсөхийн зэрэгцээ барилгын материалын 150 үйлдвэр үүдээ нээж, өмнөх оноосоо үйлдвэрлэл 153 хувиар өссөн аж. Түүнчлэн өнгөрсөн онд цементийн үнэ тонн нь 120-210 мянган төгрөг байсан бол энэ жил 130-145 мянган төгрөг, арматурын хувьд тонн нь 2012 онд 1.4 сая төгрөг байсан бол энэ жил 1.05-1.15 сая төгрөг болж буурсан талаар БХБЯ-ны Барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Цэдэнсамба ярьсан байдаг. Мөн тэрээр Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн өргөтгөл ашиглалтад орж, ирэх жил нэг сая тонн цемент үйлдвэрлэх тухай мэдэгджээ. Үүн дээр нэмээд МАК-ийн цементийн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөжүүлэхээр болсон гээд манай улс цаашдаа барилгын материалын гол нэрийн бараа бүтээгдэхүүнээ дотоодоосоо хангах боломж бүрдэх юм байна. Монголбанкнаас ч ирэх онд “Үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэхээ мэдэгдээд буй билээ.
5
Он дамжиж 34 мянган айлын орон сууц ашиглалтад орно
5
Харин орон сууцны барилгын тухайд “2013 онд 15 мянган айлын орон сууц ашиглалтад оруулна. Харин 2013-2014 оны хооронд 34 мянган айлын орон сууц ашиглалтад оруулна” хэмээн БХБЯ-ны Орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Эрдэнэцэцэг мэдэгджээ. Мөн 2014-2016 онд 65000 гаруй айлын орон сууцны барилга ашиглалтад орох талаар тус яамнаас хийсэн судалгаа ч бий аж. Учир нь энэ оны эхний 9 сард улсын хэмжээнд нийтдээ 7812 айлын орон сууц ашиглалтад орсон байгааг үндэслэн дээрх судалгааг гаргажээ.
5Үүнээс харахад ирэх онд барилгын нийлүүлэлт эрэлтээ гүйцэж, үнэ нь буурах бололтой. Энэ талаар “Мандал даатгал”-ын шинжээчид “2014 оны II улиралд орон сууцны эрэлт, нийлүүлэлт хоёр тэнцэж, одоо байгаа 25 орчим хувийн өсөлт 4.6 хувь болно” гэж дүгнэжээ. Харин ирэх оны эцэс гэхэд орон сууцны үнийн өсөлт 0.4-1 хувьд хүртлээ буурна хэмээн шинжээчид дүгнэсэн байна. Мөн “Зуун мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд барилгын гүйцэтгэгчид ам метрийг нь 800 мянгаас 1.2 сая төгрөгийн хооронд худалдахаар амласан. Хэрвээ энэ үнээр орон сууцаа борлуулж эхэлбэл орон сууцны үнэ цаашид тогтворжиход хувь нэмрээ оруулах юм.
5
Барилга нэмэгдсэнээр үнэ буурахгүй
6
Гэхдээ орон сууцны барилга ашиглалтад ороход дэд бүтцийн асуудлаа шийдээгүй бол ямар ч үр дүнгүй юм. “Улаанбаатар шугам сүлжээ” ХК-аас шинээр баригдаж буй 4800 айлын орон сууцны төслүүдийг төвлөрсөн дулаанд холбогдох техникийн нөхцлүүдийг өгөх боломжгүй талаар мэдэгджээ. Энэ нь шинээр ашиглалтад орох орон сууцны барилгуудын ажлыг удаашрахад хүргэж буй нэг шалтгаан юм. БХБЯ-ны Орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга “Хөгжлийн банкны хөрөнгөөр Буянт-Ухаад 20 мянган шоо метр хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барьж эхэлж байгаа. 2016 он гэхэд ашиглалтад оруулна. Энэ жил ашиглалтад орох орон сууцны ихэнх нь Сонгинохайрхан дүүрэгт байгаа тул Нисэхийн одоо байгаа цэвэрлэх байгууламжийг хоногт 2000 шоо метрээр өргөтгөх ажил явагдаж байна” гэжээ. Гэхдээ ингээд дэд бүтцийн асуудал шийдэгдчихгүй.
6
Улаанбаатар хотын төвийн эрчим хүчний системийг гурван дулаан цахилгаан станц хангадаг хэдий ч, эрчим хүчний хэрэгцээний 73.1 хувийг IV цахилгаан станц дангаараа хангадаг байна. Мөн дулааны 62 хувийг тус станц хангадаг юм. Үүнээс үзэхэд хэдийгээр шинээр олон мянган орон сууц барилаа ч дэд бүтцийн асуудлаа, тэр дундаа V цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг түргэвчлэхгүй бол орон сууцны үнэ буурахгүй нь бололтой.
6
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ