“Өндөр уулын цоохор хаан” тэргүүллээ
БОНХЯ-ны Байгаль хамгаалах сангаас санаачилан орон даяар зарласан “Бөхөн, мазаалай зөвхөн монголд л байдаг амьтад гэдгийг хүүхдүүд та нар мэдэх үү?” сэдэвт комикс буюу зурагт өгүүлэмжийн уралдааны дүн гарлаа.
Тус уралдаанд Өвөрхангай аймгийн “Мэргэд” цогцолбор сургуулийн 7а ангийн Ц.Хонгорзул “Өндөр уулын цоохор хаан” бүтээлээрээ тэргүүлсэн байна. Өвөөгийнхөө нутгийн уулсад амьдардаг цоохор ирвэсийн тухай болон сургуульдаа ирвэс хамгаалах “Гүехэн” клубыг байгуулахаар шийдсэн тухайгаа хичээнгүй бичиж, зурсан түүнийг өргөмжлөл 300 мянган төгрөгөөр шагнахаар болжээ.
Дэлхийд ховордож буй Монгол оронд амьдардаг ан амьтдыг хүүхэд багачуудад таниулах, хэрхэн хамгаалж, үржүүлэх талаар сурагч хүүхдүүдийн дунд зарласан комикс буюу зурагт өгүүлэмжийн уралдаанд нийслэл, орон нутгаас нийт 50 гаруй хүүхэд бүтээлээ ирүүлжээ. Хүүхдүүдийн бүтээлийг зурган дүрслэл дэх уран сэтгэмж болон өгүүлэмжийн утга санааг хэрхэн бичсэнээр нь дүгнэж шалгаруулсан байна.
Энэхүү уралдааны хоёрдугаар байрт Орхон аймгийн 4-р дунд сургуулийн 9-р ангийн сурагч Д.Шинэбайгаль, БГД-ийн 20-р дунд сургуулийн 4а ангийн сурагч Б.Дуламсүрэн нар шалгарч өргөмжлөл, тус бүр 200000 төгрөг, 3-р байранд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын дунд сургуулийн 5б ангийн сурагч Г.Энхзаяа, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 5г ангийн сурагч Ж.Эрдэнэхуяг, Завхан аймгийн 4-р дунд сургуулийн 9а ангийн сурагч Б.Оюунжаргал нар шалгарч өргөмжлөл, тус бүр 150000 төгрөг, тусгай байранд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 5г ангийн сурагч Х.Даваадорж, Ш.Билэгдэмбэрэл, Орхон аймгийн 4-р сургуулийн 6-р ангийн сурагч Д.Шинэбилэг нарын бүтээл шалгарч тус бүр өргөмжлөл, 50000 төгрөгийн шагналын эзэд болов.
Уралдааны гуравдугаар байрын шагналт Ж.Эрдэнэхуяг хүү “Аргаль, янгир, шонхор шувууг хүмүүс нууцаар агнаж, тэд ховордож байна. Үүнийг зогсоомоор байна, манай нутгийн Арбулаг гэдэг газар тарвага зөндөө байсан, хүмүүс агнаад цөөхөн болчихлоо, тарвагыг дархан цаазтай амьтан болгож өгөөч” гэж өөрийн санал хүсэлтээ зурагт өгүүлэмжээрээ дамжуулан илэрхийлсэн байна.
Шагналт байранд шалгарсан бүтээлүүдээр зурган ном хэвлүүлж, олон нийтийн хүртээл болгох юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ