“Хуншайжань” ХХК-иар 108 сая төгрөг төлүүлнэ

Хяналт шалгалтаар Төв аймгийн Баянжаргалан суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Анхай интернэшнл” ХХК-ийн төмрийн хүдэр баяжуулах, Сэргэлэн суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Ариун - Өрнөх” ХХК, “Цаглашгүй гоулд” ХХК, ”Гурван дөхөм” ХХК-ийн алтны шороон орд ашиглах,
Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд үйл ажиллагаа явуулж буй “Жинтайхэ” ХХК, “Жинхуа Орд” ХХК, “Лутчулуу” ХХК-ийн төмрийн хүдэр баяжуулах, Сүхбаатар аймагт цайрын хүдэр олборлож буй “Хун Ша И Жан” ХХК, “Цайртминерал” ХХК-ийн цайрын хүдэр баяжуулах үйлдвэр, Эрдэнэцагаан сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эрдэнийн олз” ХХК, “Андын илч” ХХК, “Бадмаараг хаш” ХХК-ийн нүүрсний уурхай, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Даваамандал” ХХК-ийн тэсрэх материалын үйлдвэр, Ерөө сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Болдтөмөр ерөө гол” ХХК, Хүдэр сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Эрдэс Холдинг” ХХК-ийн төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр, Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Эрэл” ХХК-ийн цементийн үйлдвэр, Шарын гол сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Шарын гол” ХК-ийн нүүрсний уурхай зэрэг нийт 21 ахуйн нэгж байгууллага, 4375 ажилтан, 119 ажлын байр, 323 тоног төхөөрөмжийг шалгажээ.
“Хуншайжань” ХХК-д “Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах тухай” хуулийн хэрэгжилтэнд шалгалт хийн илэрсэн зөрчилд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 дахь заалтыг үндэслэн тогтоосон хэмжээнээс илүү авч ажиллуулсан гадаадын иргэдэд ногдох ажлын байрны төлбөрт 108.108.000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр акт тогтоожээ.
Уул уурхайн салбарт ажиллаж байсан насанд хүрээгүй хүүхдийн хөдөлмөр эрхлэлтэд хяналт тавьсанаар 8 хүүхдийг, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэхээс урьдчилан сэргийлэв. Түүнчлэн 18 байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ажил олгогчоос гаргаж буй тушаал, шийдвэрийг хянаснаар 99 ажилтныг үндэслэлгүй ажлаас халагдахаас, 44 ажилтныг хууль эрх зүйн үндэслэлгүй сахилгын арга хэмжээ авагдахаас сэргийлэв.
Нэр бүхий гурван уурхайтай холбоотой 10.374.3 мянган төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг нэмж илрүүлж, нийгмийн даатгалын санд 2.270.2 мянган төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл, алдангийг нөхөн төлүүлэхээр улсын байцаагчийн 10 заалт бүхий гурван акт тогтоосон байна.
Мөн ажилтны ажиллаж байгаа тоног төхөөрөмж, ажлын байрны орчны эрүүл, аюулгүй байдлыг хангадаггүй гэх мэт 248 зөрчил илрүүлж газар дээр 129 зөрчлийг арилгуулж, аюулгүй ажиллагааны шаардлага бүрэн хангаагүй 11 нэгж ахуйн нэгж, байгууллагад улсын байцаагчийн албан шаардлагыг өглөө. Шалгалтаар илэрсэн аюулгүй ажиллагааны зөрчилд 12536.0 мянган төгрөгийн торгууль ногдуулж, 79 хүнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөн тусалж, дөрвөн удаагийн сургалтад 87 ажил олгогч, инженер техникийн ажилтан, ажиллагсдад аюулгүй ажиллагааны талаар сургалтыг зохион байгуулж, сурталчилж ажиллажээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ