Ерөнхий сайд иргэдийн асуултад хариуллаа
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дорноговь аймагт ажиллах үеэрээ аймгийн бүтээн байгуулалтын төлөвлөгөө болон эхэлсэн ажлуудтай танилцаж, бизнес эрхлэгчид, иргэдтэй уулзалт хийжээ. Энэ үеэрээ Сайншанд хотын иргэдтэй телевизийн шууд ярилцлага хийсэн байна. Шууд ярилцлагын үеэр иргэд утсаар асуулт, саналаа хэлж, Ерөнхий сайд болоод холбогдох яам, агентлагийн удирдлагууд хариулт өгчээ.
Жижиг дунд үйлдвэрүүд нээж орон нутагт ажлын байр бий болгох, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулах, төрийн үйл ажиллагааг орон нутгийн түвшинд ил тод, нээлттэй болгох гэх мэт нийтлэг асуудлыг хөндөж, эрүүл мэнд, боловсрол, уул уурхайн салбарын үйл ажиллагааны талаар олон асуулт тавилаа.
Төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлснээр аймгууд өмнө байгаагүй их мөнгийг өөрсдөө мэдэж зарцуулах болсон. Орон нутгийн хөгжлийн сангийн энэ хөрөнгийг үр ашигтай зарцуулахад иргэн бүр санал, дуу хоолойгоо орон нутгийн удирдлагууддаа хүргэх ёстой гэж Ерөнхий сайд хэллээ. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр барилга байгууламж барихдаа цаашид гарах урсгал зардлыг хэрхэн шийдэхээ сайтар бодолцох ёстой гэдгийг анхааруулжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ