Усаа хэмнэвэл хөнгөлөлт эдэлнэ
Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан гадаргын усны шоометр тутамд экологи, эдийн засгийн үнэлгээний 10, газрын доорхи усны шоометр тутамд экологи эдийн засгийн үнэлгээний 20 хувиар төлбөр тооцохоор болжээ. Түүнчлэн барилгын суурийн хөрсний усыг шавхан зайлуулсан тохиолдолд гадаргын усанд 10 хувиар /экологи, эдийн засгийн үнэлгээний/, газрын доорхи усанд 15 хувиар тооцож төлбөр тогтоож байгаа аж.
Усыг хэмнэлттэй ашиглах санхүүгийн механизмыг боловсронгуй болгохын тулд усны нөөц ашигласны төлбөрийн хэмжээг бүс нутгийн онцлог, сав газар бүрээр тооцон тогтоосон байна. Тодруулбал, усны нөөцийн экологи, нийгэм, эдийн засгийн ач холбогдол, үнэ цэнийг Монгол орны усны 29 сав газар тус бүрээр тогтоож бодит хэрэглээнд ойртуулах, түүнийг хамгаалах эдийн засгийн хөшүүрэг механизмыг бий болгожээ. Мөн усны нөөцийг хэмнэх, дахин ашиглах эрх зүйн орчинг бий болгох, нөөцийн үнэлгээг нэмэгдүүлж, газрын доорх усны нөөцийг хэмнэх, гадаргын ус, хур тунадасны усыг хуримтлуулан ашиглах бүхий л боломжийг бүрдүүлж байгаа аж.
Түүнчлэн усны нөөц ашигласны төлбөрийн хэмжээг огцом нэмэгдүүлэхгүйгээр тогтоож, мөн хуульд заасан нөхцлөөр усыг хэмнэлттэй ашигласан тохиолдолд хөнгөлөлт үзүүлж, урамшуулдаг болсон байна. Тухайлбал, хаягдал ус цэвэрлэж, эргүүлэн ашиглах тохиолдолд эргүүлэн ашигласан хэмжээгэр нь төлбөрөөс хөнгөлөх аж.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ