“Код-9” үзүүлэх сургалт болно

img

“Агаарын хил дээр шувууны томуугийн вирүс /H7N9/, коронавирүсийн сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах хариу арга хэмжээ” сэдэвт “КОД-9” үзүүлэх сургалт өнөөдөр 08.00-10.00 цагийн хооронд “Чингис Хаан” олон улсын нисэх буудал дээр явагдана.

Агаарын хилээр аливаа халдварт өвчний тархалт хурдтай, тэдгээрийн хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэл өндөр байдагтай холбогдуулан дээрх халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон бэлэн байдлыг хангах, хөрш зэргэлдээ хилийн бүс нутгийн мэргэжлийн байгууллагуудын байнгын хамтын ажиллагааг шуурхай хангахад энэхүү сургалт, үзүүлэх сургуулийг зохиох байгуулах  шаардлага, ач холбогдол оршиж байгаа аж.

 

Буянт-Ухаа боомт дахь “Чингис хаан” Олон улсын нисэх буудал нь Монгол Улсын агаарын хилийн хамгийн том боомт. Түүгээр дамжин 15 олон улсын чиглэлийн нислэг үйлдэгдэж, дэлхийн 30 гаруй орны зорчигч, тээврийн хэрэгсэл, ачаа тээж нэвтэрдэг. Үүнтэй холбогдуулан хүн, мал амьтны  гоц халдварт өвчин, шинэ болон дахин сэргэж буй халдварууд /шувууны томуу, амьсгалын цочмог халууралтай хам шинж /АЦХаХ/, коронавирүс г.м/ хил дамжин тархах эрсдэл өндөртэй.

 

Энэхүү сургалт, үзүүлэх сургуулийг БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын харъяа Бээжин хот дахь Чанар, хорио цээрийн академи, ӨМӨЗО-ны Хилээр орох гарахыг хянан байцаах, хорио цээрийн товчоотой хамтран хийж байна. Мөн Хөх хот дахь Олон улсын нисэх буудал, ИНЕГ-ын харъяа олон улсын 5 нисэх буудалд ажиллаж буй мэргэжлийн хяналтын улсын байцаагчид, буудлын удирдлагууд, ОБЕГ, Буянт-Ухаа боомт дахь Гааль, Шалган нэвтрүүлэх, Аюулгүй байдлын албадын төлөөллүүдийг оролцуулан зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ