Елена Исинбаева: Их спортоо орхимооргүй байна

img

ОХУ-ын алдарт тамирчин Елена Исинбаеваг эх спортод тулгууртай харайлтын хатан хаан гэж нэрийддэг. “People сэтгүүлээс нэрт тамирчинг хамгийн сайхан биетэй олимпийн аваргаар тодруулжээ. Энэхүү ярилцлагыг хүргэхээс өмнө түүний амжилтаас товчхон хүргье.

6

2004 оны наймдугаар сарын 24. Афины олимпийн тулгууртай харайлтын төрөлд 4.80 метр өндрийг давснаар алтан медалийн болзол хангаж, олимпийн аварга болжээ. Олимпийн наадмын үеэр 4.91 метрт харайн дэлхийн дээд амжилтыг эвдэж, энэ цаг үеийн шилдэг тамирчнаа нотолжээ. 2005 оны долдугаар сарын 21. Лондон хотноо зохиогдсон “Супер Гранпри”-д 5 метр дээгүүр давж аварга цол хүртэж, дэлхийн дээд амжилтын эзнээр хоёр дахь удаагаа тодров.  2005 оны наймдугаар сарын 15. ДАШТ “Хельсинки”-д өмнөх амжилтаа 1 см-ээр ахиулж  Дэлхийн аваргын анхны алтан медалиас гадна 2008 оны зун хүртлэх дэлхийн дээд амжилтын эзэн болжээ. 2008 оны наймдугаар сарын 18. Бээжингийн олимп.  Бээжинд 4.85 м-ийн өндрийг хоёр дахь оролдлогоороо даван олимпийн хошой аварга болов. Гурав дахь оролдлогоороо 5.05 метрийг даван дэлхийн дээд амжилтыг гурав дахь удаагаа эвдсэн юм. Лондоны олимпоос хүрэл медаль. 2013 оны наймдугаар сарын 24. Москвад болсон ДАШТ-д 4.89 метрийг эхний оролдлогоор даван Дэлхийн аварга цолыг хүртжээ.

6

-Энэ бүх амжилтийн тань хамгийн анхны гараа 2003 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнээр эхэлсэн байх аа?

-Тийм ээ. Тэгэхэд би 21 настай байсан. Тулгууртай харайлтын спортоор хичээллээд 11 жил өнгөрч байсан. Хүмүүс намайг богино хугацаанд ийм өндөр амжилт үзүүллээ гэж гайхаад л. Хүрэл медаль хүртээд гэртээ харихад Эх орон маань манай багийнхныг гайхалтай хүлээн авсан. Тэр үеийг би хэзээ ч мартдаггүй. Тухайн үеийн дурсгалын зургууд одоо хүртэл бий. Хожим нь бага багаар туршлагажаад цаг хугацааны асуудлыг мэдэх болсон. Тэр үед би өөрийгөө агаар дээр нисэхэд жинхэнэ утгаараа илгээгдсэн гэж бодсон шүү. Хаашаа л харна Елена гэж орилоод л.

6

-Та маш нээлттэй юмаа?

-Тийм биш ээ. Үнэнийг хэлэхэд, би 2011 оноос хойш анх удаа сэтгүүлд дэлгэрэнгүй ярилцлага өгч байна. Их сандарч байна шүү. Хамгийн сайн мэддэг юмныхаа талаар ярьж байгаа учир л овоо тайван харагдаж байгаа байх.

6

-Та харайхаасаа өмнө толгойгоо байнга алчуураар бүтээдэг. Ямар нэгэн  юм боддог юм уу?

-Эргэн тойронд гэрэл зурагчид, камер байдаг болохоор анхаарлаа төвлөрүүлэх гэж ингэдэг юм. Тэднийг харахгүй байхын тулд л алчуур нөмөрдөг минь заншил боллоо. Том цэнгэлдэх хүрээлэнд заримдаа яахаа ч мэдэхгүй болчихдог. Ийм байдалтай байхад зургийг маань авчих байх гэж болгоомжилдог гэх үү дээ. Дараа нь миний элдэв янзын инээдэмтэй зураг сонин сэтгүүлийн нүүрэн дээр заларчихсан байдаг юм. Тоохгүй гэж хичээсэн ч би гэдэг хүн чинь эмэгтэй хүн учир хэцүү. Бас нэг нөлөөлдөг зүйл бол толгой дээгүүрээ алчуур нөмрөхөд над руу хэн ч харахгүй байгаа юм шиг санагддаг.

6

-Та томоохон тэмцээнд орохоор амандаа үргэлж нэг үгийг шулганаад байдаг. Таны юу гэж залбирдгийг бид хэзээ нэгэн цагт мэдэх  болов уу?

-Яах гэж тэр вэ. Та нар надтай хамт тэр үед байдаггүй шүү дээ. Тэр чинь зүгээр л нэг үг шүү дээ. Тийм ч их ач холбогдолгүй. Надад эрч хүч хайрладаг үг. Хүн бүр ийм үгтэй болж болно. Би зүгээр л чи чадна, ганцхан энэ зүйлийг хийх гэж ирсэн. Чамд энэнээс өөр хийх зүйл байхгүй гээд амандаа хэлдэг. Хүмүүсийн хэлдэгээр өөр янз бүрийн тарни уншдаггүй.

6

-Зуун мянга, тэрнээс ч илүү хүн харж байхад ямар сэтгэгдэл төрдөг вэ. Айж байсан тохиолдол бий юу?

-Маш сайхан. Яг тэр мөчид би жүжигчин болчихсон юм шиг санагддаг. Гайхамшигтай бүтээлд тоглоод “Оскар” авч байгаа юм шиг. Тэр үед хамгийн сайхан нь би өөрийгөө мэдэрдэг. Тэр олон хүн намайг л харах гэж ирсэн гэж бодохоор хамаг биеийн минь үс босдог. Хамгийн их айж байсан үе Бээжингийн олимпийн үеэр.  Би өөрийгөө гол баатар нь болж дэлхийн шинэ дээд амжилтыг тогтооно гэдэгтээ итгэлтэй байсан. Эхний хоёр үсрэлт амжилтгүй болоход сэтгэлээр их унасан. Ингээд бодож, бодож сандрахаа больсон. Удаан хүлээсний эцэст ялалтаа байгуулж, дэлхийн амжилтыг өөрийн болгосон.

6

-Та гурав дахь удаагаа харайж байж дэлхийн дээд амжилтыг тогтоосон. Хэцүү байсан уу?

-Харайлт маань харьцангуй амархан байсан. Би ийм хурдан ялалт байгуулна гэж бодоогүй. Ямар нэгэн өрсөлдөөн болно, эсвэл ер бусын юм болох юм шиг санагдаж байсан. Ялалт байгуулахын тулд дэлхийн дээд амжилтыг тогтоох хэрэгтэй гэж та хэлж байсан. Гэтэл 4.85 метрийн өндрийг давахад л хангалттай байлаа. Би өөрийнхөө ялалтын тухай илүү их ярьсан байх. Дэлхийн дээд амжилт тогтоож ялалт байгуулсандаа би үнэхээр их аз жаргалтай байна, одоо хүртэл.  Хэтэрхий онгирсон мэт сонсогдож байж болох юм. Гэхдээ олимпийн тоглолтод дэлхийн дээд амжилт тогтоох нь миний хамгийн гол зорилго байсан. Хүмүүс надад хэрхэн ханддагийг би ойлгосон. Хүмүүс, Исинбаева бол дэлхийн дээд амжилт, түүнээс өөр юм байх ёсгүй гэж боддог. Гэтэл дотор маань яаж байсныг үгээр илэрхийлж чадахгүй. Дотор маань буцалж, чичирч, би аль болох биеэ барьж өөртөө итгэлтэй байна гэж харагдахыг хичээсэн. Тэр мэдрэмж орой унтах бүрт минь төрдөг.

6

-Та олон олимпод оролцсон. Хооронд нь харьцуулах юм бол аль хамгийн хэцүү байв?

-Афины олимп хамгийн хэцүү нь байсан. Хэн ч намайг ялалт байгуулна гэж бодоогүй. Харин би медаль авна гэсэн бодолтой явсан. Харин Афинд ихэнх хүмүүс  намайг ялалт байгуулна гэдэгт итгэж байсан. Гэхдээ  эргэлзээ  бас байсан.  Харин энд ялж, дэлхийн дээд  амжилтыг тогтооно гэдэгт хүмүүс зуун хувь итгэж хүлээсэн. Тиймээс сэтгэл зүйн хувьд хүнд байсан юм. Түүнээс гадна олны танил болохоор олимпийн тосгоноор яваагүй, хаашаа ч гараагүй. Гудамжаар явахад ч хэцүү байсан л даа.

6

-Олимпийн аварга болсон тэр мэдрэмж?

-Би баярлаад л хүмүүс рүү гараараа даллаад, гарын үсгээ зурж өгөөд л. Гэтэл дасгалжуулагч ингэж болохгүй, тайвшир гэсэн. Сэтгэл зүйн хувьд амаргүй байсан л даа.

6

-Хамгийн дуртай зүйл?

-Ном унших дуртай, кино үзэж байхдаа уйлж байж жаргал авдаг. Алла Пугачевагийн дууг сонсох дуртай. Тэр бол зүгээр л урлаг. Бэлэг авахаасаа илүү хэн нэгэнд бэлэг өгч баярлуулах дуртай.

6

-Москва хотноо болсон хөнгөн атлетикийн ДАШТ-ий үеэр Елена Исинбаева хэнд ч ялагдашгүй, өмнөхийн адил сайхан бүсгүй, сайн тамирчин хэвээр гэдгээ дахин сануулсан. Та ялалтынхаа дараа баярласандаа тааралдсан хүн бүрийг үнссэнээ санаж байна уу. Харин хувцасны өрөөнд ороод алтан медалиа газарт унгаагаад уйлж байхыг тань санаж байна. Тэр үед юу болсон юм?

-Би бол тамирчин болохоос жүжигчин биш. Тэд тайзан дээр гараад л тэр дүрдээ л тоглодог. Мэдээж хэрэг ялалт байгуулсандаа галзуурах шахам сайхан байсан. Харин яагаад уйлсан бэ гэж асууж байна надаас. Учир нь аав минь /Гаджи Исинбаев/ гэнэт ухаан алдаж, хоёр секунд хэртэй зүрх нь зогссон гэдгийг сонсоод л би хэн ч биш гэдгээ ойлгосон. Аав минь намайг сайхан хоол идүүлэхийн тулд өдөрт 18 цагийн турш орон сууцанд сантехникч, слесарь хийдэг байлаа. Хаалганы хонх дуугарахад аав минь халтайчихсан, төмөр үнэртүүлээд л орж ирдэг байв. Хэрвээ аав минь байгаагүй бол би хэн ч биш хоосон бие болон хувирах байсан. Хэрвээ тэр үед аавд минь муу зүйл тохиолдсон бол би шууд л...

6

-Мэдээж аав тань одоо амьд сэрүүн байна. Нээрэн ялалтаа хэрхэн тэмдэглэсэн вэ?

-Дуулиан, шуугиан ихтэй тэмдэглэсэн. Намайг дэмжихээр Волгар болон Дагестаны Чувек тосгоноос аавын талын хамаатнууд гээд 20-иод хүн Москвад ирсэн. Дагестанчууд намайг бүсэлж аваад, бүтэн өдрийн турш тавьж явуулаагүй шүү. Шөнийн клуб, ресторанд орж, салж унатлаа бүжиглэж, дуулсан.

6

-Та одоо их спортоо орхисон уу?

-Анхандаа би ДАШТ-ийг сүүлчийн тэмцээнээ гэж бодож байсан. Харин одоо явмааргүй байна. Түр завсарлага аваад, бодож үзнэ дээ.

6

-Таны дасгалжуулагч Евгений Трифимов “Исинбаева шийдвэрээ хурдан өөрчилж магадгүй” гэж байсан?

-Ер нь бол тийм. Гэхдээ хүүхэд төрүүлэх шийдвэрээ өөрчлөхгүй. Үүнийг яаж хойшлуулах билээ. Хэрвээ хойшлуулчихвал ээж болохгүй ч байж болно шүү дээ. Би ингэхийг хүсэхгүй байна. Живх, баривч надад баяр баясгалан авч ирэх болно. Би Москвагийн ДАШТ-д түрүүлээгүй байсан ч спортоосоо явах байсан. Мэдээж тэгвэл хүнд байх байсан. Харин одоо би эмэгтэй хүний аз жаргалтай, сэтгэл дүүрэн байдалтайгаар буцаж байна.

6

-Сүйт залуугаа яагаад нуугаад байна вэ?

-Тэр юу ч ярихгүй байхыг гуйсан. Харин би баярласандаа зөндөө их зүйл ярьчихлаа. Нэг зүйлийг хэлмээр байна. Вани минь чи миний цор ганц хайр. Би энэ үгийг зүрхнээсээ хэлж байна шүү.

6

-Жирэмсэн байхдаа дасгал сургуулилт хийж болох уу?

-Тэгэх шаардлагатай. Төрснийхөө дараа ч хурдан дасгал сургуулилтандаа орох хэрэгтэй. Тэгэхгүй бол яг л усны үхэр шиг бандгар болно шүү дээ. Би яг л уран гимнастикч Катя Гордеева шиг жижигхэн охин хэвээр үлдмээр байна. Тэр төрснийхөө дараа ч гоолиг хэвээр байсан. Гэр бүлийн амьдрал гэдэг маш их хөдөлмөр шаардагддаг зүйл гэж би боддог. Би одоо 32 настай. Тиймээс эхнэр болоход бас суралцах шаардлагатай байна. Харин жирэмсэн байх нь миний хувьд цоо шинэ мэдрэмж болж байна. Өмнө нь би өдөр болгон буйдан дээр хэвтээд, бялуу, тоор идэх юмсан гэж боддог байсан. Харин одоо “Ёо. Сарын дараа би ийм амьдралаасаа уйдах юм биш биз” гэж бодох болсон. Би чинь уйдвал саваа бариад хана руу авирч мэдэх л хүн.

6

-Лондоны олимпоос та хүрэл медаль хүртсэн. Энэ нь таны хувьд ялагдал байв уу?

-Мэдээж шүү дээ. Лондонд нэг л хүйтэн, даарч чичирмээр, тав тухгүй байсан. Нүүр рүү үлээх тэр салхи нь хүртэл зэвүү хүргэмээр. Олимпийн өмнө ээж маань өвдөж, хувийн амьдрал хүнд байсан. Үүнээс болоод би ноомой гөлгөр амьтан болж хувирсан. Тиймээс дэвжээн дээр гарахыг хүсээгүй. Хүчээр л намайг чирч аваачаад байгаа мэт байлаа. Дасгалжуулагч ч их зовсон доо. Би Лондонд ялалтад хүрэхэд бэлэн биш байсан гэж хэлж болно.

6

-Та амьдралынхаа туршид үргэлж л олны анхааралд амьдарлаа, мэдээж оддын өвчин тусах шинж тэмдэг илэрсэн үү?

-Бага зэрэг. Дасгалжуулагч намайг ичээхэд би түүнийг нь огт сонсдоггүй байлаа. Сонирхуулахад би залуу, хэнд ч танигдаагүй тамирчин байхдаа АНУ-ын гүйлтийн нэрт тамирчин Морис Гринээс гарын үсгийг нь гуйж билээ. Гэтэл тэр намайг өөрөөсөө улаан цайм холдуулж, би ч гомдсондоо уйлж байсан. Хэдэн жилийн дараа би олимпийн аварга болоход Гринтэй фото зураг авалтын үеэр тааралдлаа. Энэ үед тэр над руу эелдгээр инээмсэглэхэд би нүүр буруулж билээ. Их зан гаргах гэж тэр шүү дээ. Харин гарын үсгийг минь авах гэж ирсэн хүнд хэзээ ч муухай хандаж байгаагүй.

6

-Хамгийн их шуугиан тарьсан нэг зүйл бол “Сочи”-гийн олимпод оролцох ижил хүйстэн тамирчдыг шүүмжилж байхыг санаж, байр сууриа илэрхийлсэн шүү дээ?

-Би үнэнээ л хэлсэн. Надад ижил хүйстэн хүмүүс тийм ч таатай санагддаггүй. Ерөнхийлөгч, албан ёсоор уучлалт гуйж тэднийг олимпийн наадамд оролцохыг хүссэн. Тэгэхдээ хүч чадлын өрсөлдөөн учир би энэ тал дээр нааштай хандаж эхэлсэн. Тэгээд ч “Олимп гэдэг чинь энх тайвны наадам” шүү дээ. Харин дайн биш. Би энэ зүйлийг бодолгүйгээр тийм хариулт өгсөндөө харамсч байна.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

unshigch:
bi mash ikh bakharhaj baina. yneheer gaihaltai. harin syit zaluu ni minii bodson hyn baigaasai.
2013-11-22
зочин:
манай гаригийн мундаг тамирчин.ийм агуу хүнтэй нэг үед амьдарч байгаадаа бахархаж байна.
2013-11-21
zochin:
er hun helsendee . elena isinbaeva haraisandaa gej
2013-11-21
1111:
uneheer saihan baharhmaar busgui. gehdee palaj omsohod gariin bulchin ontsgui sanagdchlaa. gehdee arga baihgui shuu dee gej...
2013-11-21
1111:
uneheer saihan baharhmaar busgui. gehdee palaj omsohod gariin bulchin ontsgui sanagdchlaa. gehdee arga baihgui shuu dee gej...
2013-11-21
сэтгүүлч:
"эх спорт" "их спорт" бид чинь "и" үсгээ цагаан толгойноосоо хасчихсан билүү?
2013-11-21