Уганда улстай дипломат харилцаа тогтоов
НҮБ-ын гишүүн бүх улстай Монгол Улс дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Монгол Улс Бүгд Найрамдах Уганда Улстай өчигдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоожээ. Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцсон байна.
Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд О.Оч, Бүгд Найрамдах Уганда Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Ричард Ндухуура нар гарын үсэг зуржээ. Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээг НҮБ-д бүртгүүлж, НҮБ-ын гишүүн орнуудад танилцуулахыг хүсч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд Монгол, Бүгд Найрамдах Уганда Улсын Байнгын төлөөлөгчид захидал мөн илгээсэн байна.
Бүгд Найрамдах Уганда Улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах илүү боломж нээгдэж байна. Тухайлбал, далайд гарцгүй хөгжиж орнуудын эрх ашгийг хамгаалах, уул уурхайн салбарт харилцан туршлагаа хуваалцаж, нягт хамтран ажиллахаа талууд илэрхийлжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ