Нарны цахилгаан станцыг жижиг, дунд үйлдвэрлэлд ашиглана
Эрчим хүчний яам, ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвтэй хамтран “Нарны цахилгаан станцын технологи ба ашиглах боломж” сэдэвт олон улсын семинарыг энэ сарын 21, 22-нд зохион байгуулж байна. Тус семинарт төр, хувийн хэвшлийн төлөөллөөс гадна энэ чиглэлийн судлагаа шинжилгээ явуулдаг болон Монголд нарны зайн үйлдвэрлэгч компаниуд оролцож байна.
Нарны цахилгаан станцын талаар ийнхүү түлхүү ярих болсон шалтгаан нь сүүлийн үед дэлхийд нарны эрчим хүчний технологийн үнэ буурсантай холбоотой аж. Тодруулбал, энэ төрлийн технологийн өртөг таван жилийн өмнөхөөсөө 80 орчим хувиар буурчээ.
Манай улсын хувьд дэлхийд II байрт орохоор нарны нөөцтэй юм байна. Иймд энэ чиглэлийн нарийвчилсан судлагааг явуулж байгаа талаар мэргэжилтнүүд ярьж байв. Гэхдээ манайд нарны цахилгаан станцыг усан цахилгаан станцтай хослуулан ашиглах нь зүйтэй юм байна. Нарны цахилгаан станц нь өртөг багатай тул 6-7 жилийн дотор хөрөнгө оруулалтын өртгөө нөхөж, цаашдаа үр ашигаа өгөх боломжтой аж. Иймд өнөөдрийн байдлаар зөвхөн телевизор, хөргөгч, гар утас цэнэглэх төдийхнөөр ашиглаж буй энэ төрлийн технологийг хөдөө аж ахуйд усалгааны чиглэлээр болон жижиг дунд үйлдвэрлэлд ашиглах чиглэлээр судлагаа явуулж буй юм байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ