Б.Клинтоныг Эрх чөлөөний одонгоор шагнажээ

img

Өнгөрөгч лхагва гарагт АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Америкийн 16 иргэнд төрийн дээд одон гардуулжээ. Тэдний гурвыг нэхэн шагнасны дунд ерөнхийлөгч агсан Жон Кеннеди байсан байна. 50 жилийн өмнө цаг бусаар амь үрэгдсэн АНУ-ын 53 дахь ерөнхийлөгч Жон Кеннеди энэхүү одонг санаачлан бий болгожээ. Энэ өдөр Обама болон Билл Клинтон нар эхнэрийн хамт Арлингтон дахь Кеннедигийн гэр бүлийн шарилд цэцэг өргөжээ.

Эрх чөлөөний одонгоор нийт 500 гаруй шагнуулсан байдаг аж. Улс орныхоо аюулгүй байдал, ашиг сонирхол, дэлхийн энх тайвныг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр болон хувийн гялалзсан амжилт гаргасан хүмүүст дээрх шагналыг олгодог.

Энэ жил улстөр, анагаах ухаан, спорт, сэтгүүлзүй, хүний эрхийн төлөө ажилладаг 16 хүн Эрх чөлөөний одонгоор шагнуулсан байна. Тэдний дунд бейсболчин Эрни Брэнкс, “Вашингтон пост” сонины ерөнхий редактороор ажиллаж байсан Бен Брэдли нар байжээ. Брэдлиг шагнахдаа ерөнхийлөгч Обама “Бены удирдлага дор энэхүү  сонин АНУ-ын удирдагчид  Вьетнамын дайны үеэр нийгмийг хэрхэн хуурч байсныг илрүүлж,  Уотергейтийн хэргийг илчилж байв. Энэ бол манай улсын удирдлага хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх шаардлагатайг харуулсан сэтгүүлзүйн шинэ эрин байсан юм. Мөн манай үндэстэн хэвлэлийн эрх чөлөөт улс гэдгийг сануулсан” гэжээ. Энэ оны шагналтнуудын дунд ерөнхийлөгч Билл Клинтон байв. Түүнийг америк гэр бүлийн амьдралыг сайжруулахын төлөө хүчин зүтгэл гаргасан гэжээ. Обама “Клинтон дөнгөж эхэлж байгаа. Тэр Азид болсон цунами, Катрин хар салхины  дараа аврах ажиллагаа явуулж байсан. Клинтоны глобаль санаачлага олон хүний амьдралыг аварч, олон зуун хүний амьдралыг сайжруулсан” гэж онцлон хэлсэн байна. Телевизийн од Опра Уинфри, кантри хөгжмийн домог Лоретта Линн, жак хөгжимчин Артур Сандоваль, Нобелийн шагналт сэтгэлзүйч Даниэль Канеман, химич Марио Молина, эмэгтэй сансрын нисэгч агсан Салли Райд нар мөн Эрх чөлөөний одон авчээ.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
ану-д ч гэсэн намаараа талцаж нэгнийгээ шагнадаг юм байна доо ккк
2013-11-22