Ц.Оюундарь Дарханы АН-ын асуудлыг зохицуулжээ
Дархан-Уул аймгийн Ардчилсан намд үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь өчигдөр Дархан-Уул аймагт ажиллаж, намын гишүүдтэй уулзсан юм. АН-ын Хяналтын Ерөнхий хороо энэ сарын 18-нд хуралдаж, Дархан-Уул аймгийн АН-ын хорооны өнгөрөгч долдугаар сарын 19-ний өдрийн хуралдааныг хүчингүй тооцсон шийдвэр гаргасан юм.
Мөн “Дархан-Уул аймгийн Ардчилсан намын хороо, удирдлага зохион байгуулалтыг өөрчлөн хэрэгжүүлэх” тухай тохиролцооны дагуу талуудыг оролцуулан зохион байгуулахыг АН-ын Хэрэг эрхлэх газарт даалгасугай” гэсэн тогтоол гаргасан билээ.
Тэгвэл АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь Дархан-Уул аймгийн АН-ын гишүүдтэй уулзах үеэрээ, “Хяналтын хороо хуралдаж тогтоол гаргасан. Тэгэхээр долдугаар сарын 19-ний өдрөөс хойш тус намд болсон бүх зүйл хүчингүй. Тиймээс анхан шатандаа хурлаа хийж, намынхаа даргыг сонгох ёстой” гэсэн юм.
Тус хуралдаанд хоёр хуваагдаад буй Дархан-Уул аймгийн Засаг даргын Орлогч Д.Баянмөнх, тус намын экс дарга Б.Мягмардаш нар оролцож тус тусын байр сууриа илэрхийлж, анхан шатныхаа хурлыг зохион байгуулж, намын даргаа сонгох зүйтэй гэсэн нэгдсэн байр суурьт хүрсэн байна.
АН-ын генсек Ц.Оюундарийн хэлснээр долдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаас хойш тус Дархан дахь АН-д болсон бүх үйл явдал хүчингүй болсон. Тодруулбал, тус намын дарга асан Э.Наранбаатарын намаасаа түдгэлзсэн, Засаг даргын орлогч Д.Баянмөнхийг намаас хөөсөн зэрэг үйл явдал хүчингүй болохыг АН-ын генсек онцолж байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ