Ерөнхийлөгчийн Вьетнамд хийх төрийн айлчлал эхэллээ

img

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Азийн зарим орнуудад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын /БНСВУ/ нийслэл Ханой хотын “Ной Бай” олон улсын нисэх онгоцны буудалд энэ сарын 21-нд хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Энхбат, БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, төрийн сайд Дао Вьет Чунг, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хаонг Дүан Тхинь болон албаны бусад хүмүүс угтан авав. Угтах үеэр хүндэт харуул жагсч Монгол Улсын Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүллээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын /БНСВУ/ Ерөнхийлөгч Чыонг Тан Санг Ерөнхийлөгчийн ордонд энэ сарын 21-нд албан ёсоор угтан авлаа. Уулзалтын үеэр БНСВУ-ын Ерөнхийлөгч Чыонг Тан Санг хэлэхдээ “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Та болон Таныг дагалдан яваа хүмүүс манай оронд айлчлан ирсэн явдалд гүнээ талархаж, тавтай морилохыг хүсэн ерөөе. Манай хоёр орон ирэх 2014 онд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Таны айлчлал чухал түлхэц болно гэдэгт итгэж байна” гэв.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Таны урилгаар танай сайхан оронд айлчилж буйдаа бид туйлын баяртай байна. Манай хоёр орны харилцаа бол бидний өмнөх үеийн алдартай удирдагчдын үндэс суурийг нь тавьсан сайхан харилцаа юм. Вьетнам-Монголын харилцаа түүхэндээ өргөжин тэлсээр ирсэн. Энэ удаагийн айлчлал хоёр орны харилцааг улам бүр бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Хоёр орны хоорондын өндөр түвшний яриа хэлэлцээр, айлчлалын давтамжийг хадгалж ирсэнд бид сэтгэл хангалуун байдаг.

 

Вьетнам бол манай уламжлалт найрсаг харилцаатай сайн түнш юм. Бид цаашид олон салбарт харилцаагаа хөгжүүлэх боломжтой гэж харж байна. БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Минь Чиет 2008 онд Монголд айлчилсан. Тэр айлчлалын үеэр хэлэлцэж тохирсон зүйлүүд амжилттай хэрэгжиж байгаад бид баяртай байдаг. Хоёр орны хууль тогтоох дээд байгууллагууд хоорондын харилцаа идэвхитэй өргөжиж байгаа. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, манай Тамгын газар хоорондын харилцаа эрчимжиж байгаад баяртай байна. Батлан хамгаалахын салбарт хоёр талын харилцаа өргөжин тэлж буйд сэтгэл хангалуун байдаг. Цаашид энэ харилцааг бид улам бүр өргөжүүлэх, энхийг сахиулах хүчний чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байна” гэв.

 

БНСВУ-ын Ерөнхийлөгч Чыонг Тан Санг хоёр орны харилцаа хөгжиж байгаад баяртай байдгаа илэрхийлээд цаашид хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө анхаарч ажиллана гэдгээ мэдэгдлээ. Дараа нь БНСВУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгчийг албан ёсны хэлэлцээнд урилаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ