С.Оюун: Арьс ширний үйлдвэрүүдийг Дархан руу шилжүүлнэ
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Засгийн газрын мэдээллийг сонсож, сайд нар гишүүдийн асуулгад хариулж байна. Эдүгээ БОНХ-ийн сайд С.Оюун Ж.Батзандан гишүүний асуулгад хариулж байгаа юм. Ж.Батзандан гишүүн химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн хэрэгжилтийн талаар асуулга тавьсан юм. Сүүлийн жилүүдэд уул уурхай хөгжиж байгаатай холбогдуулан 200 гаруй аж ахуйн нэгж 720 нэр төрлийн химийн бодисыг хэрэглэх зөвшөөрөл авсан байна.
Химийн хортой бодисын зүй зохистой хэрэглээний талаар тодорхой арга хэмжээ авч байгаа юм байна. Сайд С.Оюун мэдээлэл хийснийхээ дараа гишүүдийн сонирхсон асуултад хариулж байна. Химийн хорт бодисын хэрэглээ, зөвлөгөө, анхааруулга, сурталчилгааг олон нийтэд явуулж байхыг гишүүн Д.Лүндээжанцан санал хэлж байв. Арьс ширний үйлдвэрээс гарч байгаа хорт бодис Туулыг бохирдуулж байгааг хэрхэхийг сайдаас гишүүд лавлаж байв.
Арьс ширний үйлдвэрүүд технологи муутайгаас болоод бохирдсон бодисоо Харгиа руу нийлүүлээд, цаашлаад Төв цэвэрлэх рүү нийлүүлэгддэг байна. Энэ нь Улаанбаатарчуудын ундны эх үүсвэр болсон Туул гол руу урсаж, бохирдуулдаг. Тиймээс арьс ширний үйлдвэрүүдийг Дархан руу шилжүүлэхээр ярьж байгаа юм байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ