Хүүхдийн ордны хаалга “нээлттэй”
Монголын Хүүхдийн ордон өнөөдөр 11.00-15.00 цагийн хооронд нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж байна. Тус өдөрлөгийн үеэр дугуйлангуудын үйл ажиллагааг сурталчилсан үзэсгэлэн ажиллах, үзүүлэх хичээл зохион байгуулах, урлагийн дугуйлангийн төгсөгчдийн тоглолт, загварын үзүүлбэр, шатрын нээлттэй тэмцээн зэрэг сонирхолтой үйл ажиллагаа болно. Монголын хүүхдийн ордон нь анх БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1958 оны наймдугаар сарын 22-ны өдрийн 25 тоот тогтоолоор Монголын пионер сурагчдын төв ордон нэртэйгээр хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготойгоор байгуулагджээ.
Өдгөө хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдэнд мэргэжлийн чиг баримжаа олгох, авъяас чадварыг нь нээн хөгжүүлэх зорилгоор дугуйлангийн сургалт явуулдаг. Мөн улсын хэмжээнд хүүхэд багачуудын дунд соёл хүмүүжлийн ажлыг төвлөрүүлэн зохион байгуулах зорилготой ажилладаг.Монголын хүүхдийн ордон жилдээ 30 орчим төрлийн дугуйланд 2000 орчим хүүхэд элсүүлэн сургадаг. Ингэхдээ бүтэн болон хагас өнчин, амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн хүүхдийн сургалтын төлбөрийг 25-100% хөнгөлдөг нь тэдний сурах идэвхийг өрнүүлэх, авъяас билгийг хөгжүүлэхэд чухал түлхэц болдог банйа.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ