Халдвар эсэргүүцэх бэлэн байдлыг хангуулах сургалт болов
“Буянт-Ухаа” боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас МХЕГ, ИНЕГ болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран халдварт өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн үед хэрэгжүүлэх арга хэмжээг яаралтай зохион байгуулах үзүүлэх сургалт зохиожээ. Энэ сарын 20, 21-ний өдрүүдэд “Чингис хаан” олон улсын буудалын хилийн нэвтрэх цэгт /Буянт-Ухаа боомтод/ мэргэжлийн болон хилийн хяналтын байгууллагуудын хамтын ажиллагаа, байгууллага тус бүрийн халдвар эсэргүүцэх арга хэмжээний бэлэн байдлыг хангуулах зорилгоор дээрх арга хэмжээг зохион явуулсан байна.
Буянт-Ухаа боомт дахь “Чингис хаан” олон улсын буудал нь Монгол улсын агаарын хилийн хамгийн том боомт бөгөөд уг боомтоор одоогоор дамжин 15 чиглэлд олон улсын нислэг үйлдэгддэг аж. Мөн дэлхийн 30 гаруй орны зорчигч, тээврийн хэрэгсэл, ачаа нэвтэрч байна. Сүүлийн жилүүдэд намжаад байсан вирусын гаралтай амьсгалын замын халдварт өвчнүүд сэргэн идэвхжихийн зэрэгцээ шинэ халдварууд дэлхийн олон оронд бүртгэгдэж, нэг улсаас нөгөөд зөөвөрлөгдөн нэвтрэх, улмаар ”цар тахал”-ын хэмжээнд хүрэх магадлал өндөр байгаа аж. Агаарын хилээр ялангуяа амьсгалын замаар дамжин халдварладаг вирусын гаралтай өвчнүүд богино хугацаанд түргэн тархах эрсдэлтэй байдаг.
Сүүлийн 3 жилд агаарын хилээр 4962360 зорчигч нэвтэрсний 1377317 нь “термокамер”-ийн хяналтанд хамрагджээ. Термокамерийн хяналтанд хамрагдсан нийт зорчигчдын 300447 зорчигчоос эрүүл мэндийн мэдүүлэг /асуумж/ авч, халдварт өвчний сэжигтэй 58 зорчигчийг тусгаарлажээ. Эдгээр зорчигчдод халдвар судлалын гүнзгийрүүлсэн судалгаа /тандалт/ хийж, ХӨСҮТ-д шилжүүлэн, онгоц болон нэвтрэх цэгүүдийн эрсдэлтэй хэсгүүдэд “эцсийн халдваргүйжүүлэлт” хийж оношийг баталгаажуулах, халдвар цаашид дамжин тархахаас урьдчилан сэргийлсэн байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ