Бөглөрөөнд бууж өгөх үү

Өвөл машинууд цөөрөхгүй
Одоогийн нөхцөлд аль ч улиралд машин цөөрнө гэсэн ойлголт байхгүй. Мөн нийслэлийн иргэдийн автомашины парк шинэчлэлт үнэндээ маш сайн явж байгаа юм. Бараг бүгд л хүйтнийг даадаг, гадаа -25 хэмд асдаг, он залуу машин авч байна. Үүн дээр өвөл машинаа асаах гэж махаа цайж, зайрмаг болтлоо гадаа зогсдог байсан үе алга болсон. Дааруулж бээрүүлдэггүй дулаан хучлага, царцдаггүй тос масло, эргүүлээд байхад суудаггүй аккумлятор, хөлддөггүй шингэн, мотор халаагч зэргийг хангаснаар идэр есийн хүйтэнд машинаа пар хийтэл асаах боломж бараг 100 хувь бүрдээд байна. Бүр аргаа барлаа гэхэд “Автын түргэн тусламж“ гэж том машин хөлөглөсөн хэдэн залуус хүрч ирээд тойрч ухаж байгаад ганц дараад асаачихаж байна. Энэ төрлийн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн их болж өрсөлдөөн бий болсон болохоор үнийн хувьд ч хэрийн хүн авчихаар хямдарч бас чанаржиж байна. Тэгээд ч түрж асдаг “сампирцан” машин унадаг хүн одоо бараг алга болсон. Ийм байхад хүмүүс өвөл машинаа тавьж бөглөө сийрнэ гэж бодож байгаа улс алдаж тооцож байгааг хэлье.
Санал асуулгын тухай хэдэн үг
Саяхан болж өнгөрсөн дугаар хязгаарлалтыг болих эсэх тухай санал асуулгад хэд хэдэн алдаа байсан. Нэгдүгээрт санал асуулгад сайтуудыг хавтгайруулан оруулсан нь иргэдийн саналын дүн бодит бус гарахад нөлөөлсөн. Зарим сайтууд өөрийн дэмжиж байгаа байр суурьт дүнг ойртуулах талыг барьж IP хандалтыг зохиомлоор нэмэгдүүлсэн байх боломжтой.
Хоёрдугаарт санал асуулгын талаарх сурталчилгаа тун тааруу байснаас иргэд саналаа яаж өгөхөө ойлгоогүй байснаас асуулгад өргөнөөр хамрагдаж чадаагүй. Манай сайт руу гэхэд өдөр бүр олон хүн утасдаж саналаа яаж өгөх юм бэ гэж асууж байсан нь иргэд мэдээлэл муутай байсныг харуулна.
Гуравдугаар асуулгад тавьсан асуулт хязгаарлалтыг зогсоох талд өдөөлт өгсөн асуулт байсан. Бас иргэдийг төөрөлдүүлсэн. “Хүйтний улиралд дугаар хязгаарлалтыг зогсоохыг дэмжиж байна уу” гэсэн нь иргэдийг төөрөлдүүлж гол хариултаас нь холдуулсан. Дээрхи үндсэн гурван алдаанаас болж өнгөрсөн санал асуулга мобикомоор нэг дугаар хязгаарлалтыг зогсоохыг дэмжиж байна гэсэн бол сайтуудын санал асуулгаар дэмжихгүй байна гэж гарсан байх.
Одоо яах вэ. Бөглөө ямар их байгааг бид гэрээсээ гарахгүйгээр Замын Удирдлагын төвийн мэдээгээр юм уу бүр зарим нь залхуурвал байрныхаа цонхоор зам руу харахад л ойлгомжтой байгаа. Гэхдээ хотын зөвлөлийнхөн гишүүдийн хурал дээр ярьсанд тулгуурлан тоо баримт харья. Өнгөрөгч 9 сарын хугацаанд 45000 авто машин улсын дугаараа авч бөглөрөөнд нэгджээ. Харин нийслэд 13 уулзварийг л өргөтгөж чадсан.
Хэрвээ дугаарын хязгаарлалт зогсвол юу болох вэ ?
Манарсан их утаа үүсгэж агаарыг бохирдуулж нам зогссон машинууд, бухимдсан иргэдийн бие биеэ ад үзсэн харц, ямар ч үр ашиггүй шатаж хэтэвч хоослох бензин тос. Өнөөдөр яаж бөглөрнө дөө гэсэн өглөө болгоны стресс бий болно.
Мөн гар утсандаа “Уучлаарай амжихгүй нь ээ, бөглөрөөнд зогсож байна” гэх бэлэн мессеж “box” үүсгэх хэрэгтэй болох байх. Бөглөрч зогссоор хэдэн цагаар оройтон гэртээ ирдэг болж үр хүүхэд, амарч тухлахдаа зориулах байсан “хайран цаг” бүр алга болно. Хүлээж сураагүй монголчууд зам дээр бүгд чихэн дайрах тул нэгдүгээр эгнээ хяналтаас гарч нийтийн тээврээр сүнгэнээд явчихдаг давуу тал алга болно. Одоо ч дугаар хязгаарлаж байхад 1-р эгнээг хянах нь цагдаа нарт хүнд байгаа. Энэ мэт бөглөрөө нэмэгдэх бараан төсөөлөл дэндүү ихийг жагсааж болох юм.
Нөгөө талд нь хязгаарлалт байхгүй болсноор гарах эерэг сайн талыг та жагсааж үзээрэй. Үнэндээ бичих юм санаанд буухгүй байгаа юм. Ямар ч байсан гадаа биш машиндаа дулаан сууж бөглөрнө, адилхан машинтай гэдгээ мэдэрнэ, хэн нэг маань түрүүлээд ажлаа амжуулаад байж чадахаа болино, яагаад гэвэл хамтдаа ажлаа алдана гэсэн балайдуу, эрүүл бус зүйлийг давуу тал гэж нэрлэхгүй бол өөр зүйл хэлэхэд хэцүү байна.
Дугаарын хязгаарлалт үргэлжлэх ёстой
Дугаарын хязгаарлалт хийх тухайн нийслэлийн ИТХ-ын тогтоол гарсны 1 жилийн “ой” ирэх 7 хоногт болох гэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл бид нэг жилийн хугацаанд долоо хоногт нэг өдөр машинаа унахгүй байж үзлээ. Нэг жил гэдэг амьдралын хэвшил тогтоход багадах хугацаа биш. Хотын иргэдийн маань дунд “өнөөдөр гардаггүй өдөр” гэсэн үг яриа бий болж, тухайн өдрийг тооцож ажил хэрэг, явдал суудлаа зохицуулж ирсэн хэвшил бий болсон. Энэ бол бөглөөг багасгах тал дээр бий болсон том давуу тал шүү.
Нийслэлийн удирдлагын зөвлөл саяхан хуралдаад ирэх 27-нд буюу Лхагва гарагт дугаарын хязгаарлалтын үргэжлүүлэх, зогсоох эсэхийг иргэдийн саналаар шийдэхээр болжээ. Санал асуулгыг өглөөний 07.00 цагаас оройны 22.00 хүртэл явуулья гэж тогтсон байна. Саналыг Мобикомоор авахаар шийдвэрлэсэн. Хэрвээ энэ асуулгаар дугаарын хязгаарлалтыг зогсоохоор үр дүн гарч үүний дагуу ИТХ хязгаарлалтыг зогсоох тогтоол гаргах юм бол яг маргаашнаас нь бид ажил, гэрийнхээ хаяанд нам гацах юм. Энийг хүн бүр мэдэж байгаа. Бөглөөнд бууж өгч бөөнөөрөө бөглөрч гацаж, ажил мөнгөө алдах уу, долоо хоногт ганц өдөр ээлжлэн 12 цаг машинаа зогсоох уу гэсэн маш энгийн ойлгомжтой асуулга явагдах гэж байна. Бид нийслэл хотын иргэн. Тийм болохоор нийтийн эрх ашиг дээр нэгдэх ёстой. Хээр талд хүлгийхээ амыг сул хаяж давхих адуучид биш хотын хөдөлгөөнд нэг замаар цуварч гарах машинтай иргэд тул саналаа сайн бодож өгөхийг хүсье.
Шинэ жил хаяанд ирлээ. Байгууллага хамт олноороо энэ сайхан баяраа тэмдэглэх бэлтгэлдээ орж хөдөлж эхэлж байна. Баярыг угтсан худалдаа үйлчилгээний цэгүүд олширно. Энэ хэрээр гудамж замын хөдөлгөөн улам нэмэгдэнэ гэдгийг ч тооцож үзээрэй манайхан. Үсээ сайхан засуулж гоёлын палат, гялалзсан туфелээ өмсөөд машиндаа суун хөдөлтөл нам бөглөрч, уур цухлаа барсаар баяраасаа хоцорч очвол сайхан байх уу даа. Өнгөрсөн цагаан сараар дугаарын хязгаарлалтгүй явсан чинь юу боллоо доо. Нэг зам дээр 3-4 цаг бөглөрч эхний айлд идсэн бууз шингэж, билэгтэй сайн өдөр муу үг хэлэхгүй гэж тэсэн, өлсөн байж явснаа бүгдээрээ л халаглан ярьцгаасан.
Хувиа бодож “бүгдээрээ бөглөрье” гэж хандах цөөнх байх л биз. Гэхдээ цөөнхийн хүсэлд хөтлөгдөж бөглөрөөнд бууж өгөхгүй байхаар мэргэн сонголтыг нийслэлчүүд бид хийх чадах юм. Харин санал асуулга явуулах эрхмүүдэд хэлэхэд иргэдэд асуултаа зөв, тодорхой тавьж өгөөрэй. Олон үг ч хэрэггүй байх. Асуулт : Та авто машины дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэхийг дэмжиж байна уу ? Хариулт: Тийм, Үгүй . Нийслэлчүүдийн 70 хувь нь “ТИЙМ” гэнэ дээ.
П.Баярхүү /тоймч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ