“Нийгмийн хөгжил-Эрэгтэйчүүдийн оролцоо”-г хэлэлцэнэ
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Нийгмийн хөгжил-Эрэгтэйчүүдийн оролцоо” Үндэсний чуулган энэ сарын 25, 26-ны өдөр Төрийн ордны Их танхимд болно. Чуулганыг Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн яам, Монголын эрэгтэйчүүдийн холбоо, Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг, Хөгжлийн төлөөх Монгол эрчүүд зэрэг эрэгтэйчүүдийн төлөө үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудын хамтарсан ажлын хэсэг зохион байгуулжээ.
1
Чуулганд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, гэр бүлийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, нийслэл, 21 аймаг болон Олон улсын байгууллагын төлөөлөгч, зочдоос бүрдсэн 800 орчим төлөөлөгч оролцох юм. Эмэгтэйчүүдийн хүний эрхийг хангах, эдийн засгийн болон гэр бүл, өмч эзэмших, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, боловсрол, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход дан ганц эмэгтэйчүүдийг чадавхжуулахын зэрэгцээ эрэгтэйчүүдийн хандлага, ойлголт, тэдэнд тулгарч буй зарим асуудлыг шийдснээр гэр бүлийн хөгжлийг дэмжсэн, хүний эрхэд суурилсан сайхан нийгмийг бий болгох боломж бүрдэх аж. Энэхүү чуулганаар “Хөвгүүд эрэгтэйчүүдийн бие бялдрын өсөлт, хөгжил, эрүүл мэнд”, “Жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулахад гэр бүл дэх эрэгтэйчүүдийн оролцоо, хандлага, зан үйл”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн хамгаалал”, “Эрэгтэйчүүдийн боловсрол, хөгжлийн асуудал” гэсэн сэдвийн хүрээнд санал бодлоо ярилцан хэлэлцэж, цаашдын үйл ажиллагааг тодорхойлохыг зорьжээ.
1
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ