Алт үйлдвэрлэгчдийн холбоотой санамж бичигт үзэглэв
Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, “Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо”-ны тэргүүн Т.Ганболд нарын хооронд алтны салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус санамж бичигт хоёр тал ийнхүү үзэглэснээр Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх, зохистой төлөвлөлтийн дагуу алтыг олборлох, баяжуулах, боловсруулах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийг стандартын дагуу гүйцэтгэх, хуулийг дээдлэх, ил тод хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх аж.
Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын эрдэнэсийн санг арвижуулах, валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтөд хувь нэмэрээ оруулах, хууль бус олборлолт, борлуулалтын сүлжээг арилгах, алтны салбарыг хөгжүүлэх богино, дунд, урт хугацааны хөтөлбөрийг боловсруулах, салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх, алт олборлолт, баяжуулалтын технологийг сайжруулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллах юм. Уул уурхайн яамны зүгээс алтны салбарт техник, технологийн шинэчлэл хийх, тоног төхөөрөмжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулахад бодлогын дэмжлэг үзүүлэх, төрийн захиргааны байгууллагын хүнд суртлыг багасгах, алтны салбарын үйл ажиллагаанд аль болох хямд үүсвэртэй санхүүжилт босгоход дэмжлэг үзүүлэхэд хамтрах юм байна.
Өнөөдөрийн байгуулсан санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Алтны салбарыг хөгжүүлэх зөвлөл”-ийг байгуулан ажиллаж үйл ажиллагааг нь тогтмолжуулсанаар алтны салбарт хэрэгжүүлэх бодлогыг бодитой ажил хэрэг болгох аж.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ