Н.Энхболд: Өрийн хэмжээг 60 хувиас ихгүй байна гэж алх цохиулсан байна
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Н.Энхболд мэдээлэл хийлээ.
.
Төсвийн хэлэлцүүлгийн явцад ирэх онд ДНБ-д эзлэх өрийн босгыг 40 хувиас хэтрүүлэхгүй байхаар тогтсон. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан энэ хэмжээг 60 хувьд хүргэх Засгийн газрын өргөн барьсан хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь дэмжээгүй юм. Гэтэл өнгөрөгч баасан гаригт УИХ-ын гишүүдэд тараасан 2014 оны Төсвийн тухай хуулийн эцсийн найруулгад ДНБ-д эзлэх өрийн хэмжээг 60 хувиас ихгүй байхаар тусгасан байна хэмээн МАН-ын бүлгийнхэн мэдээлэв. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд:
.
-ДНБ-д эзлэх өрийн хэмжээг 40 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн заалтыг мөрдүүлэх нь Ардын намын бүлгээс баримталсан гол байр суурь байсан. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад манай намын бүлгийн байр суурь баталгаажиж, Засгийн газрын санаачилсан хуулийн төслийг буцаасан. Гэтэл төсвийн эцсийн найруулга явагдах үеэр санаатай, санамсаргүй мэдэхгүй юм, өрийн хэмжээг 60 хувиас ихгүй байна гэж алх цохиулсан байна. Энэ бол маш ноцтой асуудал. Тамгын газар алдаа гаргав уу, эсвэл УИХ-ын удирдлагын зүгээс ийм зүйл хийв үү. Үүнийг тодруулах хэрэгтэй. УИХ-аар яригдсаны эцэст хуулийн төсөл нь унасан байхад яагаад 60 гэсэн тоотойгоор эцсийн найруулгыг хийчихэв. Буруутай албан тушаалтан хариуцлага хүлээх ёстой. Хэрэв хууль засах ажлыг хэн нэгэн хүн хийсэн бол ямар хариуцлага хүлээдгийг бид бүгдээрээ мэднэ. Энэ асуудлыг тодруулж шалгах шаардлага үүслээ хэмээв.
.
Мөн МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар Мөрдөх албаны тухай болон түүнийг дагалдаж орж ирсэн хуулиудын төслийн талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн мэдээллийг сонсчээ. МАН-ын бүлгийн хувьд Гэмт хэргийн тухай болон Процессын тухай хуультай хамтад нь, эсвэл энэ хоёр хуулийн төслийг баталсны дараа Мөрдөх албаны тухай хуулийн төслийг хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай байна.
.
Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийн талаар МАН-ын бүлгийн байр суурь хэвээр байна. Түүнчлэн Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөлд ажиллах ажлын хэсгийн гишүүдээ томиллоо.
.
УИХ-ын байнгын хороодын бүрэлдэхүүний талаар МАН-ын бүлгийн гишүүдийн гаргасан гомдлоор Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэх шаардлагагүй гэсэн хариу өгчээ. Цэц "Тухайн үед өөрсдөө байнгын хороодод саналаа өгөөд орох бололцоотой байсан учраас" гэсэн тайлбар хийсэн нь үндэслэлгүй гэж үзэж буйгаа бүлгийн дарга Н.Энхболд илэрхийлж, уг асуудлаар Цэцэд дахин хандана хэмээсэн юм.
.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ