Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сингапурын Ерөнхийлөгчтэй уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Азийн зарим орнуудад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хөтөлбөрийн дагуу Бүгд Найрамдах Сингапур Улсын /БНСУ/ “Чанги” олон улсын нисэх онгоцны буудалд энэ сарын 24-нд газардлаа. Ерөнхийлөгчийг угтах үеэр Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, БНСУ-ын Ерөнхий сайдын ажлын албаны дарга Хен Чи Хо, БНСУ-аас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Питер Тан Хай Чуан, Гадаад хэргийн яамны зүүн хойд Азийн газрын дарга Йип Ве Киат болон Гадаад хэргийн яамны ёслолын албаны дарга Тэй Кристин Роуз нар байлцлаа.
Дараа өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Бүгд Найрамдах Сингапур Улсын /БНСУ/ Ерөнхийлөгч Тони Тан Денг Яам өчигдөр албан ёсоор угтан авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг “Истана” төрийн ордны өмнө угтан авах үеэр хоёр улсын төрийн дуулал эгшиглэж, хүндэт харуул жагсав. Монгол Улсын Ерөнхийлөгч “Биднийг халуун дотноор угтан авсан Сингапурын төр засгийн төлөөлөгчид болон нийт ард түмэнд талархаж байна. Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжиж байгаад баяртай байдаг. Бид цаашид хамтран ажиллах салбар, боломж бололцоог нэмэгдүүлэн ажиллах болно. Агаарын болоод усан замын тээвэр, аж үйлдвэр, техник технологийн асар том сүлжээ Сингапурт төвлөрч байгааг бид мэднэ. Энэ тал дээр бид нягт хамтран ажиллах хүсэлтэй байна. Мөн мэдлэгт суурилсан эдийн засгийг Монголд цогцлоон хөгжүүлэхийн тулд хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал байна” гэв. Мөн талууд батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, Шангри-Лагийн яриа хэлэлцээний асуудлаар санал солилцлоо.
Ерөнхийлөгч Тони Тан Денг Яам Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн санал, санаачлагуудыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлж, цаашид анхаарч ажиллахаа мэдэгдэв хэмээн Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ