Газрын тосны тусгай зөвшөөрлийн төлбөрийг улсын татварт хамруулна

img

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд газрын тосны нөөц ашигласны төлбөр, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 70 хувийг улсын төсөвт, 30 хувийг нь тухайн орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр тусгажээ. Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд газрын тосны нөөц ашигласны төлбөр, газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг тус тус улсын татварт хамруулж тооцохоор тусгасан байна. Ингэхдээ татварын хувь хэмжээг тогтворжуулах гэрчилгээгээр, Засгийн газраас хөрөнгө оруулагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын гэрээгээр татварын орчныг тус тус тогтворжуулахаар тогтоожээ.  Харин Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдэд гэрээлэгч болон туслан гүйцэтгэгч нь газрын тос, уламжлалт бус газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд зориулан хайгуулын хугацаанд, ашиглалтын эхний 5 жилийн хугацаанд импортолсон тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, тоноглол, түүхий эд, материал, химийн болон тэсрэх бодисууд, сэлбэг хэрэгсэл, газрын тос болон уламжлалт бус газрын тостой холбогдсон тайлан материалууд, дээж болон газрын тосыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлөхөөр тусгажээ.  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн өөрт нь ногдох бүтээгдэхүүний борлуулалтаас олсон орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөхөөр тусгасан байна.  Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газрын тусгай сангийн төрөлд газрын тосны салбарыг хөгжүүлэх санг нэмж тусгаж, уг сангийн хөрөнгийг газрын тосны судалгаа хийх, газрын тосны салбарын мэдээллийн цахим санг бүрдүүлэх, шинжилгээний лаборатори, судалгааны төв байгуулах, олон нийтэд газрын тосны салбарт хэрэгжиж буй үйл ажиллагааг таниулах зэрэгт зарцуулахаар төлөвлөжээ.  Төрийн аудитын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр үйл ажиллагаа явуулж буй гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон нөхөх зардлын хэмжээ, газрын тосны эксперт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтад аудит хийх эрхийг Үндэсний аудитын газарт олгохоор тусган боловсруулсан байна.

 6

Гишүүдийг хуулийн төслүүдийн талаар хэлэлцэхдээ газрын тосны нөөц ашигласны төлбөр, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орон нутагт төвлөрүүлэхээр хувь, түүнийг сум орон нутагт хэрхэн хуваарилан хүргэх асуудлаар нухацтай хэлэлцсэн юм. Ингээд хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх нь зүйтэй хэмээн үзэж санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

7

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
газрын тосны салбарыг мэдэхгүй хүмүүс салбарын хууль өргөн бариад л, аягүй бол тэр нь батлагдаж онигоо болнооо.
2013-11-26