Япон эмч нар судсан дотуурх мэс заслыг хийж байна
Япон улсаас манай улсад ирж зүрх судасны гажигтай бага насны хүүхдэд судсан дотуур мэс ажилбар хийх тусламжийг үзүүлж байгаа Япон Улсын эмч нарын багийн ахлагч Ханэда, Томита, Хигаки нарыг Эрүүл мэндийн сайд Н.Удвал өчигдөр ЭМЯ-ны хүндэт тэмдгээр шагналаа.
Япон улсын “Heart saving project” буюу “Зүрхээ хамгаалъя сан” нь гуравдугаар эмнэлэгтэй 11 жилийн турш хамтран ажиллаж байгаа бөгөөд одоогоор 300 гаруй хүүхдэд хагалгаа хийж амь насыг нь аварсан байна. Энэ удаа Японы эмч нарын баг зүрхний гажигтай бага насны нийт 29 хүүхдэд судсан дотуурх мэс заслыг хийх бөгөөд 11 дүгээр сарын 27-ны өдөр 4 хүүхдэд хийх аж. Тус хагалгаа нь манай улсын зүрхний гажигтай бага насны хүүхдүүдэд эмнэлгийн төгс тусламжийг үзүүлж олон арван хүүхдийн амь насыг аврах, зарим гадаадад эмчлэгдэхэд хүрээд байсан хүүхдүүдийг эх оронд нь үнэ төлбөргүй тусламж үйлчилгээг үзүүлж байгаагаараа өндөр ач холбогдолтой болжээ.
Түүнчлэн саяхан олон улсын Ротари клуб болон Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсад хэрэгжиж буй “Хүүхдийн зүрх" төслийн шугамаар тус эмнэлэг дээр 4 сартайгаас 4 хүртэлх насны 10 хүүхдэд зүрхний мэс заслын эмчилгээг төслийн эмч нарын багтай хамтран тус эмнэлгийн зүрхний мэс заслын хамт олон амжилттай хийж гүйцэтгэлээ. Энэ үйл ажиллагаа нь Монгол улсад анх удаа бага насны, бага жинтэй хүүхдийн зүрхний хавсарсан хүнд гажгийн мэс заслыг үнэ төлбөргүйгээр эх оронд нь хийснээрээ онцлог юм. Эрүүл мэндийн сайд Н.Удвал эдгээр хүүхдүүдийн биеийн байдалтай танилцаж, эцэг эх, ар гэрийнхэнтэй нь уулзаж санал сэтгэгдлийг нь сонслоо.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ