Намуудын эрээвэр хураавар өнгө

img

Сонгуулийн жил бус ч улс төрийн хүчнүүд их, бага хурлаа хуралдуулж, дотроо бужигнаж түжигнэж л байна. Ирэх он жилүүдэд гадагшаа хэр дуу шуутай, дотооддоо бат эв нэгдэлтэй ажилласнаас 2016 оны сонгуулиас үр дүн хүлээнэ хэмээн тэд үзэж байгаа юм билээ. Гэхдээ “дээдэс нь суудлаа олохгүй бол доодчууд гүйдлээ олохгүй” гэдэгчлэн суудлаа булаацалдахаас асуудал үүдэж байгаа нь ажиглагдана. Тэр дундаа парламент дахь улс төрийн хүчнүүдийн дотоод аппарат тийм ч нэгдмэл бус байгаа нь өрнөж буй үйл явдлаас илхэн харагдана.

6

Эрх мэдэл дагасан ашиг сонирхол АН-ыг хүчгүйдүүлэх үү?

6

Төр, засгийн эрхийг атгах түүхэн ялалтаа эдэлж буй АН гэхэд суудлаас нь татан унагах “хөдөлгөөн” өрнүүлээд байх шиг. Баян хүнийг балаг тойрохгүй гэдэг шиг бүхэл бүтэн улсаа захирах бүрэн эрх эдэлж байгаа тус намд өнөөдөр эрх мэдлийг дагаад эд хөрөнгийг ч захиран зарцуулах үүрэг оногдсон. Албан тушаал, эрх мэдлийн төлөөх тэмцэл тус намд өрнөсөөр байна. Үүний нэг жишээ нь Дарханы АН-ынхан. Тэд Дархан-Уул аймгийн “АН-ыг шинэчлэх хөдөлгөөн” байгуулсан. Ер нь бол АН-д жигүүр хөдөлгөөн илүүднэ үү гэхээс дутахааргүй олон. Алтангадасын, МҮСДН-ын, Кроуны, Ерөнхийлөгчийн, МоАХ-ны гээд арав гаруй жигүүр хөдөлгөөнтэйгөөрөө бусад улс төрийн хүчнээс ялгарна. Бараг гишүүн бүр нь өөр өөрийн үзэл бодолтой, “мянган толгой нэг сүүлтэй” гэгчээр.

6

Шинэ хөдөлгөөнийхөн намаа шинэчлэхийн тулд анхан шатны үүрүүдэд АН-ын үндсэн дүрмийн хүрээнд шударга сонгууль явуулж шийдвэрлэхийг хүсч байгаа гэнэ. Тодруулбал, энэ сарын 18-нд хуралдсан Хяналтын ерөнхий хорооны 02 тоот тогтоолыг хэрэгжүүлж өгөхийг АН-ын удирдлагуудаас хүсчээ. Хэрэв үүнийг хэрэгжүүлэхгүй бол тэд улс төрийн суулт зарлана гэдгээ мэдэгдлээ. Дархан-Уул аймгийн АН-ын дарга байсан Л.Наранбаатар “Дарханы Ардчилсан намд салхи оруулах цаг болсон. Энэ нам ахмад гишүүдээ харж үзэхгүй, шинэ залуу боловсон хүчнээр хүрээгээ тэлдэггүй, зөвхөн “Бурхан Халдун” группын хэдхэн ажилчны дунд л оршин тогтнож ирсэн. Үүнээс болж үе үеийн сонгуульд ялагдал хүлээсэн. Тухайлбал, Дархан-Уул аймгаас 2004 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшсэн гурван гишүүн сонгогдож байсан бол өнөөдөр засаг барьж байгаа үед нэг ч гишүүнгүй байна. Орон нутагт тэр чигтээ ялагдсан. 18 багийн Засаг даргаас АН-ын нэг ч хүн байхгүй. Энэ мэтээс өмнөх удирдлагууд Дарханы АН-ыг хэрхэн удирдаж байсан нь харагдаж байгаа юм. Тиймээс өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгээд өгөх хэрэгтэй. Үүнийг ч Дарханы мянга, мянган гишүүн дэмжигчид хүсч байгаа” хэмээн Улаанбаатар хотноо ирж хийсэн хэвлэлийн хурлаараа мэдэгдсэн. Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дотоод ардчилалгүй, яг л коммунист нам шиг явж ирсэнийг ч тэд шүүмжилж байлаа. Уг нь АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь хувьд Дархан-Уул аймгийг зорьж асуудлыг нь зохицуулаад ирсэн дуулдсан. Гэвч  үр дүнгээ өгөөгүй бололтой.

6

Дотоод асуудал үргэлжилсээр байна. Цаашлаад генсек Ц.Оюундарийг огцрохыг тус намын гишүүд шаардаад авсан. Энэ мэт маргаан улам даамжирсаар цаашлаад намын даргаа, Засгийн газраа ч огцруулж мэдэх нөхөд АН-д байгаа шүү. Өмнө нь АН Засгийн эрх барих жилүүдэд тус намын гишүүд ч сөрөг хүчинтэйгээ нийлж огцруулах кноп дарж, өөрсдийгөө хэдэнтээ унагааж байсан гашуун туршлага бий. Энэ удаад ч давтагдахгүй гэх баталгаагүй. Учир нь тэд сөрөг хүчнийхний хатгаасанд орж, гар хөл болчих гээд байдаг гэм биш зантай хөөрүү гишүүд. Ардчилал хөгжөөд 20 жил болсон ч АН-ын гишүүд буурь сууж, төлөвших өдий байна даа.

6

Сөрөг хүчний шинэ тэмцэл

6

Парламентад сөрөг хүчний суудал эзэгнэн суугаа МАН-ын хувьд саяхан их хурлаа хуралдуулан, даргаа сонгож, бүтцээ өөрчилсөн. Сөрөг хүчин байна гэдэг ялагдал бус, уг нь. Харин Монголын улс төрийн ууган хүчний хувьд энэ нь гашуун ялагдалтай дүйж байгаа. Өнгөрсөн сонгуулийн жилд тус хүчин ард түмний өмнө нүүрээ хийх газаргүй болтлоо дараалан “далаараа нам тавиулсан”.

7

Энэ ялагдлын шорвог амт эдүгээ ч цээжийг нь хорсгож байгаа. Монголын улс төрийн ууган хүчин, 70 жил улсаа удирдсан, ардчиллын жилүүдэд ч төр, засгийн эрхийг тасралтгүй барьж ирсэн хэмээн цээжээ дэлддэг тус намын хувьд эдүгээ  парламентад суудалтай төдий байна гэдэгт гуниг шүү дээ. Тиймээс ч их хурлаа хуралдуулж намын удирдлагуудаа шинэчлэлээ. МАН-ын тамгыг хоёр дахь удаагаа атгаад байгаа М.Энхболдын хувьд өөрийн фракцаа бүрдүүлж чадсан. Бага хурлын хийгээд Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнийг түүний фракцынхан илт давамгайлсан. Тэрбээр жижиг зүйлд ч ач холбогдол өгч байгаа нь анзаарагдана лээ. Ардын намын байрны үйлчлэгчийг л арай өөрийн хүнээр томилоогүй  байх гэх яриа гарч байсан. Багийн удирдагч гэгддэг М.Энхболдын чадварыг ирэх 2016 онд дүгнэнэ.

6

М.Энхболд намын тамгыг атгаснаас хойш Засгийн газартай хамтрах яриа тархаад намжсан. Ямартай ч Ерөнхий сайдтай ганцаарчилсан уулзалт хийсэн байна лээ.  Ам султай манай Ерөнхий сайд Н.Алтанхуяг МАН-ын даргын тавьсан зарим шаардлагыг хүлээж аваагүйгээ дуулгасан. УИХ дахь МАН-ын бүлгээс цалин тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүл гэсэн шаардлага тавьсан би үүнийг нь хүлээж аваагүй, хэдэн хувиар нэмэгдүүлэхээ хэлэхгүй хэмээн гүрийсэн бололтой. Цалин тэтгэвэр нэмэгдсэн хойно л сөрөг хүчний шаардлагыг хүлээж авсан эсэхийг мэдэхээс бус одоо тааж, тааварлаад яах билээ.  Өвлийн тэргүүн сар гарсан хэдий ч МАН-ынхан эдүгээ хөдөө орон нутагт “соёлын үр” тарихаар хоёр хэсэг болон оджээ.  Одоо тэдэнд УИХ-аар хэлэлцэгдэж байгаа асуудлаас илүүтэй намын анхан шатны үүрүүдийнхээ ажиллагааг идэвхжүүлэх, иргэдтэй уулзалт хийх нь үр дүнтэй хэмээн тооцсон бололтой. Гэхдээ УИХ-ын дарга З.Энхболд он дуустал гишүүдийнхээ гадаад, дотоод томилгоонд ямар ч гарын үсэг зурахгүй шүү гээд зарлачихсан. Тиймээс МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас бүрдсэн ажлын хэсэг үргэлжлүүлэн хөдөө орон нутагт ажиллах биз.

6

Намын шинэ генсекийн тухайд галтай, цөстэй залуу хэмээн гишүүд нь ам сайтай байгаа. Яруу найрагч генсек сэтгэл уяруулсан яриа хөөрөөгөөрөө иргэдийг татаж чадна гэж  үзэж байгаа юм билээ.  МАН шинэ бүтэц зохион байгуулалттай болсон гээд эвийн цавуугаар наалдчихсан бус. Харин ч экс дарга нарын хооронд  түнжин хагарсан хэвээр байгаа. Тэд М.Энхболдыг хараад гар хумхиад суухгүй. Мөнхийн дайсан гэж байдаггүй, мөнхийн эрх ашиг гэж байдаг хойно. “Элсний 13”, шинэчлэлийн хорооныхон, С.Баярынхан гээд бас бус фракциуд энд тэнд сэм уулзаж, намын даргын эсрэг  жор найруулсан сурагтай. С.Баярыг гадаадад байгаа тул Сү.Батболд уг ажлыг гардах яриа байна. М.Энхболдын багийг бусниулах ажиллагааг Сү.Батболд удирдвал улс төрийн “ухаан дутна” гэж шүүмж ч хөндлөнгөөс гарч байна лээ. Юутай ч Удирдах зөвлөлийн гаднах фракциудаас ирэх эсэргүүцэлд М.Энхболдын баг хариу цохилт хийх л байх. Аль нь хүчтэй байх бол.

6

Н.Энхбаярын эзгүйд...

6

Эр хүн туг ч барина тугал ч хариулна гэдгийг өнөө цагт Н.Энхбаяр бодитоор харууллаа. Төрийн тэргүүнээс ялтан хүртэлх замыг туулсан Н.Энхбаяр намын даргын албан тушаалаа харин орхиогүй. Өнөөдрийн МАХН-ыг үүсгэн байгуулагч түүний ачаар парламентад гишүүд нь суудал авч, төрийн түшээгийн үүрэг гүйцэтгэж байгаа. Харин сүүлийн үед Н.Энхбаярын намын хүүхдүүд том болж,  зүггүйтэж эхлэв. “Биеийг нь төрүүлснээс бус ухааныг нь төрүүлээгүй” гэдэг шиг  намын даргын эзгүйд бага хурлаа хийж, цаашлаад даргаа суудлаас нь унагах хүртэл яриа гаргалаа.

5

Тус намынхан даргынхаа эзгүйд хэсэг бүлгээрээ талцаж, суудал булаацалдаж эхлэв.  Бага хурал балчир хүүхдүүдийн тоглоом бус гэх яриа өрнөлөө. Тус хурлаар бага хурлын 40 гишүүнийг чөлөөлсний дотор улс төр судлаач Эрдэнэтуул, намын даргын өмгөөлөгч Оюунбилэг нар багтжээ. Намын дэд дарга Д.Тэрбишдагва, нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нарыг огцрохыг зарим гишүүд нь шаардсан. МАХН-ын гишүүдийн хуваагдлыг намын даргын гэргий О.Цолмонтой холбон тайлбарлах хэсэг ч байна. Учир нь ирэх сонгуульд О.Цолмон өөрийгөө бэлтгэхээр намд талцал үүсгэлээ гэж хардах хүмүүс байгаа юм.  Н.Энхбаяргүйгээр МАХН  хүч нь хүрэхгүй гэж олонхи үзэж байна лээ. Улс төр гэр бүлийн хүрээнд ч ширүүхэн өрнөх бололтой. Тус намынхан их хурлаа хуралдуулахаар товлоод байгаа. Намын даргагүйгээр их хурлыг явуулахгүй л болов уу. Хэрвээ даргын эзгүйд их хурлаа хуралдуулвал гаргасан шийдвэрийг олон нийт хүлээж авах нь юу л бол.  Ерөнхийдөө Н.Энхбаяргүйгээр МАХН-ыг хэн ч төлөөлөхгүй билээ.

5

Ийнхүү парламент дахь улс төрийн хүчнүүдэд  дор бүрнээ дотоод уур амьсгал нь ширүүхэн өрнөж байна. Парламент дахь МҮАН, ИЗНН-ын тухайд Засгийн газарт хамтарч ажиллаж байгаадаа ханцуй дотроо залбирч яваа дуулдана лээ. Тиймээс ч АН-ын зүгээс ирэх элдэв үйлдэлд тал зассан өнгөөр хандаж байгаа гэж зарим эх сурвалж ярьж байна. Улс төрийн тавцан дахь тоглолт ийнхүү үргэлжилж байна даа.

5

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
төсөвлөсөн мөнгөө ил хэлчихээд байхад хэдий хэмжээгээр цалин тэтгэвэр нэмэгдэх вэ гэдгийг тооцож чадахгүй гэж бодоод байгаа юм байх даа. энэ сэтгүүлч өөр шигээ бодох юм.
2013-11-27