Д.Ганхуяг: Энэ хууль аль нэг компанид зориулагдаагүй

img

“Алтны ил тод байдлыг бүрдүүлэх тухай” хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр болсон “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр уг хуулийн төсөлтэй холбоотой асуудал олон нийтийн сонирхлыг татаж байв.

2005 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 2.5 хувь байхад түүхэндээ манай улс хамгийн их буюу 24 тонн алт олборлож байсан статистик мэдээлэл бий. Тэгвэл “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай” хууль хэрэгжиснээс хойш уг үнэт металлын олборлолт жил бүр буурсаар 2012 онд 6 тонн хүрэхтэй үгүйтэйг олборлосон аж. Тодруулж хэлбэл, дээрх хуулиас хойш алтны олборлолт 4 дахин буурсан албан ёсны мэдээ гарчээ.

.

Татвар өндөр байх тусам олборлолт далд хэлбэрт шилжинэ

Алт бол өөрөө гадаад валют руу шууд хөрвөх чадвартай үнэт металл. Гэтэл Монголбанканд тушаах алтны хэмжээ ийнхүү жил ирэх тутам багассан нь гадны шууд хөрөнгө оруулалт болон экспорт буурсан энэ хүндрэлтэй үед төгрөгийн ханшийг улам сулрахад хүргээд буй юм.

 Уг нь алтны үнэ дэлхийн зах зээлд өссөөр байгаа. Гэвч манай улсын алт олборлолт буурсан дүнтэй гарсаар байгаа нь “Гэнэтийн ашгийн албан татварын тухай” хууль батлагдсантай холбоотойгоор татвараас зайлсхийх, хууль бусаар алт олборлох үзэгдэл нэмэгдсэнтэй холбоотой. Уг хууль гарахаас өмнөх 4 жилд 77 тонн алт олборлосон бол хууль хэрэгжиснээс хойших жилүүдэд нийтдээ 48 тонн болж, 38 хувиар буурчээ. Үүнд “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль буюу “урт нэртэй” хууль ташуур өгч, алт олборлох явдлыг улам далд байдалд оруулсан. Иймээс мэргэжилтнүүд “Алт бол татвар өндөр байгаа тохиолдолд далд наймааг газар авхуулах эрсдэлтэй эрдэнэс” хэмээн дүгнэжээ.

.

Валютын нөөц жилд 1.7-2 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэв

“Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай” хуулийг батлуулахтай холбогдуулан алтны нөөц ашигласны төлбөрийг Монголбанканд алтаа тушаавал 2.5 хувиар тооцох, үгүй бол 5 хувиар тооцох, хуулийн хэрэгжих хугацааг 5 жил байх зэрэг зорилгыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн аж. Иймээс “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах” хуулийн төслийг хамтад нь боловсруулжээ. Хэрвээ уг хуулийн төсөл батлагдвал олборлосон алтыг худалдан авах, экспортлох, алтны хөдөлгөөний бүртгэл зэргийг төв банк хянах, ингэснээр хууль бус далд наймааг таслан зогсооно хэмээн мэргэжилтнүүд үзсэн байна. Үүнийгээ дагаад алт олборлолт нэмэгдэж, алтыг төгрөгөөр худалдан авах боломж бүрдсэнээр манай улсын валютын нөөц өсөх юм. Мэдээж валютын нөөц өсөх нь гадаад валютын хомсдлоос үүдэлтэйгээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ “тэнгэрт хадаад” буй байдлыг эерэг тал руу хандуулна. Товчоор хэлэхэд валютын ханш тогтворжино гэж эдийн засагчид дүгнэж буй юм.

.

Дээрх хуулийн төсөл батлагдсан тохиолдолд улсын төсөвт татвар хураамжаар орох орлого 40-50 сая ам.доллараар буурахаар байгаа. Гэхдээ манай улсын валютын нөөц жилд 1.7-2 тэрбум ам.доллараар нэмэгдэх тооцоо гарчээ. Ингээд 5 жилийн хугацаанд 8.5-10 тэрбум ам.долларын гадаад валютын нөөцтэй болох юм байна. Бид улс орон бүрт байдаггүй энэ ховор металлыг далд байдлаар зөөгөөд дуусгалгүй, алт тушаалтыг ил болгох зайлшгүй шаардлагатай байгаа нь өнөөгийн эдийн засгийн хүндрэл тод харуулж байна. Хөгжилтэй орнуудын алтны нөөцийг сонирхвол АНУ 8.1 мян.тн, Герман 2.4 мян.тн, Франц 2.6 мян.тн, Хятад 1 мян.тн байгаа аж.

.

Алтаа нуувал хүлээх хариуцлага нь чангарчээ

Уг хууль нь аль нэг компанид зориулагдаагүй тухай Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэвлэлийн хурлын үеэр хэлж байв. Тэрээр”Энэ хуулийн төслийг ЭЗХЯ, Монголбанк, Уул уурхайн яам хамтран бэлтгэж, Засгийн газар дээр нэгдсэн саналд хүрсэн. Иймээс УИХ-д өргөн барьсан. УИХ эцсийн шийдвэрийг гаргах учиртай” гэлээ. Хэрвээ энэ хууль төслөөрөө батлагдвал “Оюутолгой”ХХК бусад компаниудтай адилаар Монголбанканд алтаа биет болон биет бусаар тушаавал 2.5 хувийн роялтын хуульд хамрагдана. Харин манайд тушаахгүй, одоогийх шигээ Хятадын төв банканд тушаавал манайд 5 хувийн роялти төлөөд явах юм. Гэхдээ “Оюутолгой”-д Монголбанканд тушааж хөнгөлөлтөө эдлэх нь илүү ашигтай. Монголбанкны хувьд ч төгрөгөөр алтыг нь аваад, гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх давуу талтай аж. Гэхдээ энэ хуулийн хэрэгжих хугацаа 5 жил бөгөөд үүнээс хойш бүх компаниуд 5 хувийн роялти төлөх юм байна.

“Алтны ил тод байдлыг бүрдүүлэх тухай” хуулийн төсөлд алт олборлогч болон худалдан авагч хууль бусаар хил давуулан худалдах, олборлосон алтаа нуух, татвараас зайлсхийсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг нэлээд чанга тусгасан аж.

.

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
asar ih hurungtei ogt tatvar tulj vzeegvi hoshnognuud ih bii shvv.
2013-11-27
зочин:
татвараа хураах л гэж татварын алба, цагдаа, шүүх, хяналтын байгууллагууд ажилладаг юм байгаа биз дээ. төр байгаа юм бол тогтоосон татвараа авах л хэрэгтэй.
2013-11-27