Төсвийн байнгын хороо таван минут хуралджээ

img

Өнөөдөр Эдийн засгийн, Хуульзүйн, Байгаль орчин, хүнс хөдөө аж  ахуйн, Төсвийн байнгын хороод хуралдах товтой байв. Эдийн засгийн болон Хуульзүйн байнгын хорооны хуралдаан тодорхой шалтгаанаар хойшилсон юм. Харин Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 11.25 цагт эхэлж хагас цаг хэртэй хуралдаад өндөрлөв.  Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэв.  Хуулийн төслийг  чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Төсвийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагт Төрийн ордны “Г” танхимд хуралдав. Хуралдааныг Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн удирдсан юм. Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэв.  Хэлэлцүүлгийн явцад Уул уурхайн сайд Д.Ганхуяг Монгол Улсын Засгийн газраас өргөн Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг татаж авахаа мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, Газрын тосны тухай хуулийг татаагүй. Харин уг хуулийг дагаж гарах Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийг татаж Засгийн газраар хэлэлцээд дахин оруулахаар болсон аж. Иймээс товлосон цагтаа эхэлсэн хурал таван минутын дараа буюу 13.05 цагт өндөрлөлөө.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ