Өнөөдөр Зулын-25
Богд Зонхавагийн дүйчин өдөр буюу бидний нэрлэж заншснаар “Зулын 25” өнөөдөр тохиож байна. Энэ өдөр монголчууд махан хоол идэхгүй мацаг барьж зул өргөдөг.
Үүнтэй холбогдуулж Дашчойлин хийдээс сүсэгтэн олны дунд зул өргөх ёслолыг үйлдэхээр болжээ. Соёлын төв өргөөнд болох энэхүү үйл ажиллагаанд Тайландын Дармакаяа шашны байгууллагынхан хамтран оролцоно. Тэд энэ өдөр ямар буян хурааж, ариусал бий болдог тухай сүсэгтэн олонд тайлбарлахаас гадна мэгзэмээ сүсэгтэн олонтой хамтран монголоор унших юм байна. Мөн зулын ерөөлийг хамтдаа 21 удаа унших аж. Олноороо хамтарч хурсан буян хэзээ ч шамшигдан алга болдоггүй гэнэ.
Богд Зонхава нь Түвдэд гэлүгва ёс буюу бидний нэрлэж заншсанаар шарын шашныг дэлгэрүүлсэн ламын нэр бөгөөд сахилын нэрийг нь Лувсандагва гэдэг байжээ. Тэрээр олон нийтэд Богд Зонхава гэдэг нэрээр алдаршсан бөгөөд түүнийг утгачилбал “сонгины ам” гэсэн үг аж. Бурхан багшийн гэгээрэлд хүрэх гол үндсэн аргыг хүн болгонд хүртээлтэй болгож, “Их бодь мөрийн зэрэг”, “Түгээмэлийн их эзэн бурхан “Очирдарийн мөрийн зэрэг”, “Нууц бүхний утгыг сайтар ялгасан хэмээхүй” хэмээх бурхан багшийн нууц тарнийн ёсны гайхамшигт их тайлбар, нэвтэрхий толь болох бүтээлийг туурвижээ.
Монголчууд Зонхавагийн өдрийг тэмдэглэхдээ зул асааж, гэрэл өргөж буян хийдэг. Мөн өвлийн эхэн сарын 25-наас өмнө өвлийн идшээ бэлтгэдэг нь амьтны амь муулсан үйлээ өөх тосоор нь зул асааж, цайруулдаг уламжлал ч үүнтэй холбоотой юм байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ