Намуудын генсек нар хамтран ажиллахаар болжээ
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат Монголын улс төрийн намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг Улаанбаатар зочид буудалд нээлттэй хүлээн авч уулзлаа. Нийт 16 намын Ерөнхий нарийн бичгийн дарга нарт урилга хүргүүлснээс МНН, ИЗНН, МУНН, БНН, МҮАН, ЭЧХН, ИХН, МоАХН, МАХН, Хамуг Монгол Хөдөлмөрийн нам, Эх орончдын нэгдсэн намын төлөөллүүд ирж оролцжээ. Харин АН-аас төлөөлөл ирээгүй байна.
МАН саяхан болсон XXVII Их хурлаараа ард иргэд, улс үндэстнийхээ язгуур эрх ашгийг дээдлэн, тогтвортой хөгжлийг бий болгох, улс орны эрх ашгийн төлөө үндэсний хэмжээний чухал асуудлуудыг шийдвэрлэхэд намууд зөвшилцдөг байх шийдвэрийг гаргасан. Улмаар үндэсний зөвшилцлийн соёлыг бий болгоход улс төрийн нам, эвслүүдийг уриалж байгаа билээ. Үүнийг ажил хэрэг болгох эхлэлийг МАН-ын дарга М.Энхболд тавьж, энэ сарын эхээр Монголын улс төрийн намын дарга нарын нэгдсэн уулзалтыг санаачлан зохион байгуулсан. Тэгвэл Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат энэ ажлын үргэлжлэл болгож, өнөөдрийн уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар намын удирдлагууд тогтвортой хөгжлийн загвар, Үндсэн хуулийн өөрчлөлт, хэт намчирхал, талцлаас ангид төрийн тогтолцоо, сонгуулийн хууль, тогтолцоо, Улс төрийн намуудын тухай хууль, стратегийн ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрүүд, баялгийн шударга хуваарилалт, гадаад харилцаа, залуучуудын хүмүүжил боловсрол, хөгжил зэрэг үндсэн есөн сэдвийн хүрээнд улиралд хоёр удаа уулзаж байхаар тогтсон байна. Ингэхдээ парламентад суудалтай намууд бусаддаа Их хурлаар хэлэлцэж буй асуудлаар сонсгол мэдээлэл өгч, санал солилцож байх, мөн өмнө нь ярьсан зүйлс ажил хэрэг болж, бодит хөрсөнд буусан эсэхэд дүн шинжилгээ хийж, бүтээлч ажиллаж байхаар тохиролцжээ.
Энэ удаагийн уулзалтаар эдийн засгийн нөхцөл байдал, тодруулбал 2014 оны төсөв, өрийн асуудал, валютын ханшийн өсөлтийн талаар хэлэлцжээ. Иргэд, улс төрийн талцал хуваагдал газар авсан, нийгэм, улс төрийн байдал тогтворгүй байгаа энэ үед улс эх орныг чиглүүлэн залах намууд хоорондоо ойлголцож, зөвшилцдөг байх, нэгдмэл нэг зорилго, бодлоготой байх нь хамгаас чухал гэдгийг уулзалтад ирсэн Ерөнхий нарийн бичгийн дарга нар дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлж санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ