Дөрвөн албан тушаалтанд торгууль ногдуулав
Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүү хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсээс “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Өвөрхангай дахь салбарт шалгалт хийжээ. Тодруулбал, тус байгууллагын 2012 он, 2013 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд сарын хугацаанд санхүүгийн хяналт шалгалт явуулсан байна.
Шалгалтаар бараа материалын орлогын болон зарлагын падааныг засвартай бичдэг, татан буугдсан байгууллагын падааныг санхүүгийн баримтад хавсаргадаг, зарим компанийн зарлагын падааныг ашиглан өөрсдөө бичилт хийдэг зэрэг зөрчил илэрчээ. Мөн санхүүгийн баримт бүрдүүлэлт дутуу, санхүүгийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг хийж байгаагүй зэрэг зөрчил дутагдал гарч “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн дагуу арга хэмжээ авчээ. Ингээд 4 албан тушаалтанд 1 сая 920 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ