Нийслэлийн шүүх А.Бат-Ялалтын ялыг хэвээр үлдээлээ
Одоогоос хоёр жилийн өмнө Налайх дүүргийн “Хаан банк”-ны салбарт хоёр иргэнийг буудаж гэмтээн, нэг хүний амь насыг хөнөөсөн хэрэг гарсан.
Хэргийг үйлдсэн А.Бат-Ялалтад Налайх дүүргийн шүүхээс цаазын ял оноосон. Гэвч тэрээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, шат шатны шүүхэд хандсанаар хэргийг дахин хэлэлцэхээр болсон. Харин Налайх дүүргийн шүүх түүний хэргийг дахин хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.7, 91.2.10,91.2.12, 91.2.13,91.2.16, 91.2.17, 112.2.5, 112.2.6-д заасан найман зүйл ангиар буруутган 25 жилийн хорих ял оноосон юм.
Гэвч А.Бат-Ялалт болон түүний өмгөөлөгч, ар гэрийнхэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан юм. Уг гомдлыг Нийслэлийн шүүх өнөөдөр хэлэлцэж, түүнд оноосон 25 жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ