ИХ МАСТЕРЫН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН ҮҮЦ

img

Арав хүртэлх насандаа Мөнгөнтуул Батхуяг багшийн охин гэх тодотголтойгоор олны танил болсон шатарч. Төдөлгүй тэр амжилт ялалтаараа тодорч Батхуяг докторыг хүмүүс Мөнгөнтуулын аав хэмээн охиноор нь бараг “овоглох” дөхлөө. Эцэг, охин хоёрын, багш дасгалжуулагчдын хамтын хөдөлмөрийн амжилтын нууц юунд байгааг хүүхдээ шатар сургах гэж хичээдэг эцэг, эх, тэднийг дасгалжуулдаг хүмүүс нууцхан эрэлхийлдэг байж магадгүй. Тэгвэл их маcтерийн дасгалжуулагч Д.Батхуяг үүцээ задалж, “Сонирхолтой бяцхан өргүүд” ном туурвиснаар уншигчдын ширээн дээр тавьсан байна. Хэдэн жилийн өмнө “Хүүхдэд шатар сургахдаа төгсгөлөөс нь эхлэх өгөөжтэй” хэмээн тайлбарласан дасгалжуулагчийн энэ сэдвээр хэвлүүлсэн хоёрдахь ном нь гарааны талыг сонирхогчдод зориулагджээ. Эл номыг бэлтгэхдээ дэлхийн аваргууд, манай гарагийн шилдэг шатарчдын богино өргүүдээс шүүн, сонгож авсан байна. Манай гарагийн гэдэгт Монгол Улсын шилдэг шатарчдын өрөг багтах нь мэдээж. Шатар сурч эхэлж буй хүүхдэд сунжирсан урт өрөг үзүүлэх нь уйдаах гэмтэй. Харин үр дүн нь хурдан харагдах богино өрөг үзүүлж, шатрын амтанд оруулах нь заах арга зүйн хувьд өгөөжтэйг зохиогч номынхоо эхэнд онцлон тэмдэглэсэн байна билээ. Их мастерийн дасгалжуулагчийн ном зөвхөн хүүхдэд төдийгүй “уулгүй талд, цусгүй дайтах” санаатай хүүхдэд үеийнхнээ мадлахад гарын авлага нь болох нь илэрхий. Шатар тоглогч бүрийн мэдвэл зохих “Гарааны арван алтан дүрэм”-ийг сонирхолтой бяцхан өргүүдээс уншиж, мэдэж болох нь ээ. Хот хөдөөд шатрын дугуйлан, клуб ажиллуулдаг багш, дасгалжуулагч нар шавьдаа гэрийн даалгаварт өгөх, эсвэл хичээл дээрээ богино өргийг задлан ярилцах гарын авлага шинээр гараад ирсэн байна. Их мастеруудын замын эхлэл болох сонирхолтой ном туурвисан доктор Дашдоржийн Батхуяг та улам олон ном туурвиж, сурган хүмүүжүүлэх арвин туршлагаа түмний хүүхдүүдэд түгээж яваарай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ