Хөдөлмөрийн байгууллагууд мэдээлэл солилцлоо
Баруун бүсийн мэргэжлийн боловсрол, сургалт төслийн хүрээнд өнөөдөр “Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, үндсэн үзүүлэлт” семинар анх удаа зохион байгуулагдлаа. Семинарт Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн төв бирж, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв/ХЭҮТ/, Хөдөлмөр судалгааны институт, Үндэсний статистикийн хороо/ҮСХ/, дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтсийн төлөөлөл оролцлоо.
Хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал болон энэ чиглэлийн шинжилгээ судалгаа хийхэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, цаашид хэрхэн ажиллах талаараа оролцогчид мэдээлэл хийж, санал солилцов. ҮСХ-ноос хөдөлмөрийн чиглэлээр улирал тутамд түүвэр судалгаа явуулж, гарсан мэдээллийг нь ХЭҮТ авч ашигладаг байна. Гэтэл түүвэр судалгаа авахаар судлаачдыг очиход иргэд мэдээлэл өгөхөөс татгалзах, нохой нь дайрах гэх мэт хүндрэл бэрхшээл их учирдаг аж.
Жилээс жилд ажлын байр нэмэгдэж байгаа тул бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо буурч байгаа гэсэн мэдээллийг ХЭҮТ-ийн мэдээ мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ц.Даваасүрэн ярьж байв. Тэрбээр “Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр тусгай яамтай болж, дүүрэг бүрт бие даасан хэлтэс байгуулагдсанаар иргэд энэ чиглэлийн мэдээллийг маш хурдан авах болсон. Мөн хууль нь шинэчлэгдсэнээр харъяалал харгалзахгүйгээр дуртай газраа очиж ажилд орохоор бүртгүүлэх болсон” хэмээв. Жишээлбэл, хуучин Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулиар Архангайн харъяалалтай иргэн зөвхөн тэндхийнхээ л Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлдэг байжээ. Харин одоо бол ажилд орох сохирхолтой байгаа газар орон нутгийнхаа Хөдөлмөрийн хэлтэст очоод бүртгүүлэх боломж бүрджээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ