С.Оюун: Улаанбаатарчуудын хэрэглэж байгаа ундны ус стандартад нийцэж байгаа
УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хилийн боомтын тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хийсэн юм. Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хороо дэмжсэн саналын томьёоллуудаар санал хураалт явуулан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.
4
“Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. БОНХ-ийн сайд С.Оюун хуулийн төсөлтэй холбогдуулан танилцуулга хийсний дараагаар гишүүдийн асуултад хариулсан юм.
4
УИХ-ын гишүүн Н.Батцэрэг:
-Нийгмийн баялгийн тэгш хуваарилалтаар амьдралын түвшинг сайжруулна гэж Ногоон хөгжлийн үзэл баримтлалд тусгажээ. Хэрхэн тэгш хуваарилах вэ?
-Орон нутаг нь байгалийн баялгаа хамгаалах, зөв ашиглах, ашигласан баялгаас олж буй орлого орон нутагт орсноор баялгийн шударга хуваарилалт хангагдана. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй банкууд зээл өгөхдөө байгаль орчинд ээлтэй төсөл хэрэгжүүлэх шаардлага, зөвлөмжийг өгдөг болж байгаа гээд худалдан авагч иргэд, зээл олгож буй байгууллага ч эхнээсээ ийм шаардлага тавьж, ногоон зээл олгож эхэлж байна.
5
УИХ-ын гишүүн Р.Бурмаа:
-Усаа үнэлсэн, дахин ашиглах талаар хангалттай тусгаагүй байна. Аль болохоор усыг их хэрэглэхийг дэмжээд байгаа заалт эмзэглүүлж байна шүү?
-Дунд хугацааны хөтөлбөрт усны нөөцийг хамгаалах, дахин ашиглах асуудлыг дэмжих тодорхой заалт орсон байгаа. Гүний ундны усыг үйлдвэрлэлд ашиглахгүй байх бодлогыг үзэл баримтлалд тусгасан. Засгийн газар үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж буй усны төлбөрийг нэмэх асуудлыг ярилцаж байгаад үнийг нь 2-4 дахин нэмэгдүүлэхээр болж, дахин ашигласан тохиолдолд хөнгөлөлтөд хамруулахаар шийдвэрлэсэн. Гол мөрний сав газруудын захиргаад байгуулагдаж байгаа. Энэ жил 10 гаруй байгуулагдсан бөгөөд нийтдээ 29 сав газрын захиргаа байгуулагдана. Тэдгээр газрууд усны сав газрын нөөцөө хэрхэн хамгаалах, ашиглах менежментийг боловсруулж байгаа. Ингэснээр сав газрууд эзэнтэй болно. Гадаргын усыг ашиглах талаар яамны зүгээс ихээхэн анхаарч байгаа. Тодорхой судалгаанууд эхлүүлсэн юм байна. Цаашдаа яамны зүгээс гадаргын усыг харимтлуулах, дахин эргэлтэд оруулахыг дэмжсэн бодлогыг явуулах болно.
5
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Улаанбаатарчууд шаардлага хангасан ус хэрэглэж чадаж байна уу? -Улаанбаатарчуудын хэрэглэж буй ундны усны чанар стандартад нийцэж байгаа.
5
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг:
-Гаднын орнууд хуучин компьютер, цахилгаан хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж бэлэглэдэг. Хуучин, шинэ гэхгүй хилээр оруулж ирж байна. Гэхдээ энэ нь гадны орнууд устгаж чадахаа больсон аюултай хог хаягдлаа манай улс уруу явуулаад байгаа юм биш байгаа гэсэн хар төрүүлээд байдаг. Энэ талаар ямар бодлого баримталж байна вэ?
-Хог хаягдлын менежментийн асуудлыг баримт бичигт тусгасан байгаа. Ер нь нийслэл, орон нутагт аюултай хог хаягдлыг хаях тусгай цэг байгуулах ёстой. Энэ асуудлыг судлах Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Трансформаторын шингэн, принтерийн хог зэрэг аюултай хог хаягдлыг хаях хогийн цэг байгуулж, дахин боловсруулах үйлдвэр байгуулах асуудлыг удахгүй шийднэ.
5
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ