Хувьчлал заавал хуудуутай байх ёстой гэж үү?
1990 онд ардчилалтай хамт монголчуудад танил болсон зүйл бол хувьчлал. Ягаан, цэнхэр тасалбараар анх хүмүүст хүрч байсан хувьчлалын талаарх мэдлэг монголчуудад хомс байсан болохоор тухайн үед уг байгууллагыг удирдаж байсан хүмүүс нь ажилчид болоод ард иргэдийн мэдлэг дулимагийг далимдуулан өөрсөддөө давуу эрхээр хувьчилж авсан байдаг. Харин энгийн ард иргэд хувьчлалын наад цаадахыг ойлгож, хувьчилж авах гэтэл өрөөсөн гутал ч үлдээлгүй өмч хувьчлал нэрийн дор дарга даамлууд хувьдаа авчихсан байсан билээ. Харин жинхэнэ эзэддээ очих ёстой байшин барилгуудын нэг бол өдгөөгийн Уртцагааны барилга. Анх хувийн өмчийг хуулиараа хориглочихсон байсан соц нийгмийн хатуу цагт хоршоологчид буюу тухайн үеийнхээ хувийн өмчтөнүүдийн хөрөнгөөр боссон түүхэн дурсгалт энэхүү барилгыг өнөөдрийг хүртэл хувьчилж өгөөгүй байдаг. 1990-ээд оны эхээр тухайн барилгад ажиллаж байсан нийтийн аж ахуйн салбарын ажилчдад хувьчилж өгөх шийдвэр гарсан ч хэрэгжүүлэхдээ хуулийн цоорхойг ашиглачихсан түүхтэй. Ажлын байр гэхийг ердөө л ажиллуулж байсан оёдлын машин, багаж тоног төхөөрөмж хэмээн ойлгож, ягаан цэнхэр тасалбарт нь тааруулан тарааж, барилгыг нь улс өөрийн мэдэлдээ хүчээр шилжүүлсэн байдаг. Ингээд багажаа тэвэрсэн оёдолчин, гуталчин, уран дархчуул нэг хэсэг ажилгүйчүүдийн эгнээнд орж, ажиллаж байсан байшин нь балгас болж байжээ. Харин 1990-ээд оны сүүлээр хэсэг хүмүүсийг хөрөнгө оруулж, энэхүү барилгын өнгө төрхийг сэргээхийг Нийслэлийн удирдлагуудаас хүссэний дагуу өнөөгийн өнгө төрхөө олж, олон мянган хүнийг ажлын байраар хангаад байгаа билээ. Гэтэл улсад нэгэнт ашгаа өгчихсөн энэхүү барилгын газарт шунасан эрх мэдэлтнүүд сүүлийн хэдэн жил нийтийн аж ахуйн салбарын сүүлийн төв болоод буй Уртцагааныг юм л бол нураана хэмээн сүрдүүлэх болжээ. Зөвхөн гаднах үзэмжээр нь гоочилж, нураах буулгах асуудал яригддаг ч Уртцагааны хөрөнгө оруулагч, түрээслэгч нар өөрсдөө хөрөнгөө гаргаад засварлах гэхээр хориглоод байдаг нь хачирхалтай. Хамгийн сүүлийн сонин мэдээ гэхэд, Монголын анхны архитекторчдын бүтээл болох Уртцагааны барилгыг Азийн архитектурын үнэт өвийн жагсаалтад бүртгэхээр шийдвэрлээд байгаа билээ. Ийм түүхэн агшин тохиож байхад үнэт өвийн жагсаалтад орж буй барилгаа нураахаар эрх мэдэлтнүүд улайрч байгаа нь хэн нэгний эрх ашгийн төлөө хэтэрхий их үйлчлээд байгаа мэт санагдана. Уг барилгыг хамгийн сүүлд 2008 онд Төрийн өмчийн хорооноос давуу эрхтэйгээр хувьчлах шийдвэр гаргасан ч гүйцэтгэх ажлыг гардан хийх байсан Нийслэлийн удирдлагууд хав дарж өнгөрөөсөн байдаг. Гэтэл саяхан хуралдсан Нийслэлийн удирдах ажилтнуудын хуралдаанаар 2014 онд нийслэлийн өмчид байгаа зарим барилга байгууламжийг хувьчлах шийдвэрийг урьдчилсан байдлаар танилцуулсан байна. Үүнд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хууль бусаар хувийнх болгосон хэмээх “Өргөө” зочид буудал, мөн Г.Батхүүгийн эзэмшлийн гэж яригддаг “Тэнгис” кино театрын барилгыг хувьчлахаар жагсаалтандаа оруулжээ. Ингэхдээ “Тэнгис” кино театр олон жил энэ барилгад үйл ажиллагаагаа явуулсан хэмээн давуу эрхтэйгээр бараг л бэлэглэхэд ч болохгүй гэх зүйлгүй хэмээн ярьсан аж. “Тэнгис” кино театрын нууц ноёнтныг УИХ-ын гишүүн Г.Батхүү хэмээн яригддаг бөгөөд ийнхүү нийслэлийн удирдлагууд эрх мэдэлтэй, мөнгөтэй хүний өмнө өвдөг сөгдөж буй бололтой. “Өргөө” зочид буудлыг өнгөрсөн жил хэл амтайхан Н.Энхбаяраас буцааж авсан ч өдгөө буцаагаад л өгч буй гэнэ. “Өргөө” зочид буудлыг хувьчлахдаа одоо ажиллуулж байгаа хүмүүст нь менежментын хувьчлалаар хувьчлахыг санал болгож байгаа бөгөөд энэ нь ямар ч өрсөлдөөнгүйгээр бэлэг авч байгаагаас ялгаагүй. Гэтэл олон жилийн турш Уртцагааны 700 гаруй түрээслэгч, аж ахуйн нэгж ажлын байрыг нь давуу эрхтэйгээр хувьчилж өгөхийг төр засагт удаа дараа ханддаг ч нааштай хариу сонсч чадахгүй явна. Эрх мэдэлтэй хүмүүсийн нэрс оролцсон байшин барилгууд хувьчлал нэрийн дор ийнхүү үнэгүй шахам хувийн өмч болж байхад, 700 гаруй иргэний ажлын байрыг яагаад үнэд оруулаад байдаг нь хачирхалтай. Иймд Уртцагааны хөрөнгө оруулагч, түрээслэгч нар ажлын байрныхаа төлөө нэгдэн тэмцэж, өөрсдийн бэрхшээл зовлонг төрийн эрх мэдэлтнүүдэд хүргэхээр ойрын өдрүүдэд жагсаал хийхээр болжээ.
Б.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ