Хятадууд байлдааны онгоцуудаа илгээжээ
Зүүн Хятадын тэнгист агаарын батлан хамгаалах бүс шинээр тогтоосноо БНХАУ өнгөрсөн долоо хоногт зарласантай холбоотойгоор тус бүс нутагт үүссэн таагүй нөхцөл байдал улам хурцадсаар байгааг “ВВС” агентлаг мэдээллээ. Синдука арлыг Хятадаас гадна Япон, Тайвань, Өмнөд Солонгосын тал өөрийн эзэмшил газар нутаг гэж үздэг тул маргаан үүссээр байгаа юм. Дээрх орнууд эсэргүүцлээ илэрхийлж тус онцгой бүс рүү армийн онгоцуудаа илгээж эхэлжээ.
Хятадын зүгээс эдгээр орныг онгоцныхоо нислэгийн төлөвлөгөө, таних тэмдгээ урьдчилан илгээхгүй бол “Батлан хамгаалах онцгой арга хэмжээ”-г авах болно хэмээн анхааруулаад байсан юм. Харин Өмнөд Солонгос, Японы тал Хятадад нислэгийн төлөвлөгөө өгөхөөс эрс татгалзжээ. Тус мэдэгдлийн дараа Хятадын агаарын хүчнээс 100 гаруй байлдааны онгоцыг шинээр тогтоосон батлан хамгаалах бүс рүүгээ илгээсэн байна. Бүс нутагт үүссэн нөхцөл байдлын улмаас огт төлөвлөөгүй цэргийн ажиллагаа, мөргөлдөөн болох магадлалтай гэж НҮБ-ын Аюулгүй зөвлөл үзжээ.
“Синьхуа” агентлагт Хятадын агаарын хүчний хэвлэлийн төлөөлөгч, хошууч Шен Жинке “Олон улсын хэм хэмжээ, хууль дүрмийн дагуу онцгой нөхцөл байдалд арга хэмжээ авах хэд хэдэн байлдааны онгоцыг манай талаас илгээсэн. Манай агаарын хүчин өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн байгаа” гэж мэдээлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ