З.Энхболд: Манай энхийг сахиулагчид бусдаас суралцдаг байсан бол одоо бусдад заах хэмжээнд хүрчээ

ЗХЖШ-ын дарга Ц.Бямбажав:
-Дэлхийн хамгийн залуу орон Өмнөд Суданд олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцон, өгсөн үүрэг даалгавраа амжилттай биелүүлсэн эх орны эрэлхэг хөвгүүд, охид та бүхэнд ЗХЖШ-ын зүгээс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Нийт 850 цэргийн албан хаагч нэгэн баг хамт олон болж, байгаль цаг агаарын хүнд нөхцөлд, нийгэм, улс төрийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, батальоны хариуцсан бүсдээ агаарт болон газраар эргүүлийн үйл ажиллагаа зохион байгуулж, НҮБ-ийн ажилтнууд болон дүрвэгсэд, орон нутгийн иргэдийн аюулгүй байдлыг хангаж, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, болзошгүй аюулаас хамгаалах үүрэгт ажлаа нэр төртэй биелүүллээ. Мөн бүтээн байгуулалтын болон хүмүүнлэгийн ажлыг санаачлан хэрэгжүүлж, Монгол цэргийн чадвар, дайчин уламжлалаа олон улсад харуулсныг бахархан тэмдэглэх зүйтэй. БНӨСУ-ын засаг захиргааны удирдлага тус улсад үүрэг гүйцэтгэж байгаа бусад улсын цэргийн албан хаагчдад хандан “Монгол цэргүүд шиг бодит бүтээн байгуулалтыг орон нутагт нь үлдээх” урилга гарсныг онцлон тэмдэглэе. Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй албан хаагч оролцож, монгол бүсгүйчүүдийн бахархал болсныг онцлон тэмдэглэхийг хүсч байна гэлээ.
УИХ-ын дарга З.Энхболд энхийг сахиулагчид, тэдний ар гэрийн төлөөлөгчдөд хандан хэлсэн үгэндээ:
-Туурга тусгаар Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн дайдад дуурсгаж, Монгол хүн гэж ямар итгэлтэй, чадвартай хүмүүс байдгийг үйл хэргээрээ нотлон харуулж, дэлхийн хамгийн отгон улс болох Өмнөд Судан улсын ард түмэнд энх тайван, айх аюулгүй, амар амгалан амьдрах нөхцөлийг хангахад үнэтэй хувь нэмэр оруулж, төр, засаг, цэргийн дээд удирдлага даалгасан хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлсэн та бүхэнд чинь сэтгэлийн халуун баяр хүргэж талархал дэвшүүлье. Та бүхний үйлс бүтээлээр Монголын төр, ард түмэн бахархаж байгаа. Монгол Улсад өрнөсөн ардчилсан шинэчлэлээс хойш өргөн хүрээтэй өөрчлөлт шинэчлэлт явагдсаныг та бүхэн мэдэж байгаа. Шинэчлэлийн үйл явцыг харьцангуй богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлж чадсан салбар бол манай батлан хамгаалахын салбар. Үүний тодорхой жишээ нь энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа явдал. Одоогоос 10 гаруй жилийн өмнө дайны гал ид дүрэлзэж байсан Ирак улсад 150 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн багийг анх удаа илгээн, ажиллагаанаас ажиллагаанд явж, бусдаас суралцдаг байсан бол одоо бусдад заах хэмжээнд хүрч, мотобуудлагын батальон хүртэлх хүч хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэх болсон нь амжилт юм. Аливаа амжилт бүхэн шулуун дардан замаар олддоггүй ч гэсэн хуримтлуулсан мэдлэг туршлага, уйгагүй хүч хөдөлмөр, зорилгодоо үнэнч мятрашгүй сэтгэл байхад болохгүй зүйл гэж үгүй. Энхийг сахиулагчид та бүхэн цаг агаарын эрс тэс уур амьсгал, эрдсэлтэй орчинд цэрэг хүний зориг тэвчээр, хүч чадлыг шавхан үүрэг зорилгоо амжилттай биелүүлж чадлаа. Монгол Улс Дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн орны хувьд даяан дэлхийн энх тайвны аюулгүй байдлыг бэхжүүлэх асуудалд өөрийн байр суурьтай хандаж, аливаа зөрчилтэй асуудлыг эв зүйгээр шийдвэрлүүлэхийн төлөө санаачлагатай ажиллаж, тодорхой үүрэг хариуцлага хүлээн, энхийн үйл хэрэгт бодитойгоор дэмжлэг үзүүлэн оролцож байна.
БНӨСУ-д НҮБ-аас явуулж буй энхийг сахиулах ажиллагаа нь тус улсад төдийгүй тухайн бүс нутагт тогтвортой байдлыг бий болгоход онцгой ач холбогдолтой юм. Монгол Улсын энхийг сахиулагчид энэ ажиллагаанд тодорхой үүрэгтэй оролцож, бусад улсын ижил төвшний цэргийн багуудад үлгэр дуурайл болж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч болон манлайлж, удаа дараа сайшаагдсаныг энд зориуд тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Монголын төр өнөөдөр энхийн үйлсэд хүчин зүтгэж, эх орныхоо даалгаврыг магадгүй биелүүлсэн хөвгүүд, охид та бүхнээрээ бахархаж, та бүхнийхээ эр зориг, тэсвэр хатуужил, ур чадвар, сахилга зохион байгуулалттай үйл ажиллагааны үр дүнг хүндэтгэж байна. Энхийг эрхэмлэгч манай орон даян дэлхийд энх тайван, амар амгалант тогтоох шударга ариун үйл хэрэгт оруулж буй хувь нэмэр, хүчин чармайлтаа цаашид ч улам өргөжүүлэх болно. Та бүхнийг төр, засгаас даалгасан хариуцлагатай үүрэг даалгаврыг гүйцэтгэх боломжийг бүрдүүлж өгсөн аав ээж, хань ижил, үр хүүхэд, ах дүү төрөл саданд гүн талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол цэргийн сүр хүч үргэлж мандан бадрах болтугай гэлээ.
Энхийг сахиулах Монгол цэргийн багийн Мото буудлагын батальоны захирагч, хурандаа Ч.Түмэндэмбэрэл:
-Өмнөд Судан улсын ард түмэнд туслан, тэдний ирээдүйн сайн сайхны төлөө бодитой хувь нэмрээ оруулан, Монгол цэргийн сүр хүч, ард түмнийхээ нэр хүндийг өргөн ирсэндээ сэтгэл өндөр байна. Бид өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээс гадна тэнд ая тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлж, хүмүүнлэгийн чиглэлээр томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлж ирсэндээ баяртай байна. Биднийг алба хаах хугацаанд сэтгэл санаагаар байнга дэмжиж байсан Монгол Улсын төр, засаг, ЗХЖШ-ын удирдлагадаа талархал илэрхийлэхийн зэрэгцээ, Африкийн халууныг үл ажран хүнд хүчир ажлыг сэтгэл оюунаа зориулан хөдөлмөрлөж, эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөсөн дайчин нөхдөөрөө талархаж байна гэлээ.
Манай цэргийн бүрэлдэхүүн Монгол хүний ямар ч орчин нөхцөлд дасан зохицох чадвар, бүтээлч сэтгэлгээ, цэргийн баазыг шинээр бүтээн байгуулах, аюулгүй байдал, ая тухтай ажиллах,амьдрах орчныг бүрдүүлэхийн зэрэгцээ иргэн, цэргийн харилцааг бэхжүүлж, 1500 хүүхэд суралцах боломжтой орон нутгийн дунд сургуулийг засварлан, иж бүрнээр тохижуулж, өнчин хүүхдийн асрамжийн газар, нисэх онгоцны талбайн хамгаалалтын байгуулж зэрэг хүмүүнлэгийн олон арван ажлыг хэрэгжүүлжээ. Энэ нь дайнд нэрвэгдсэн Өмнөд Суданы хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр болж, иргэдэд ирээдүйдээ итгэл өгсөн ажил болсон байна.
Н.Энхбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ