Залуус хөгжлийнхөө талаар харилцан мэдээлэл солилцлоо

img

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо хамтран зохион байгуулдаг "Залуучуудын хөгжилд хамтдаа" залуучуудын байгууллагуудын мэдээлэл солилцох 12 дахь удаагийн уулзалт энэ сарын 28-нд болжээ. Залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон ТББ, олон улсын байгууллагууд харилцан мэдээлэл солилцох, үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор тус уулзалтыг зохион явуулдаг байна.

12 дахь удаагийн уулзалтаар залуучуудын өнөөгийн нөхцөл байдал, тэдний өмнө тулгамдсан асуудал, төрөөс залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын Хүний хөгжлийн илтгэлийг залуучуудын асуудлаар боловсруулах зэрэг олон чухал асуудлаар 40 гаруй залуучуудын байгууллагуудын төлөөлөл санал солилцжээ. Ирэх 2014 онд уг уулзалтыг залуучуудын оролцоог илүү ихээр хангасан өргөн хүрээнд олон төрлийн шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулах талаар уулзалтад оролцогчид тодорхой санал, санаачилгуудыг гаргасан аж.

 

Дашрамд дурдахад, манай улс хүн амын насны бүтцийн хувьд дэлхийн бусад орны насны бүтэцтэй харьцуулахад харьцангуй залууд тооцогддог байна. 2012 оны байдлаар нийт хүн амын 33.8 хувийг 18-35 насны залуучууд эзэлж байгаа судалгаа гарчээ. Тиймээс Монгол бол залуучуудын орон учир тэдэнд хандсан төрийн оновчтой, нэгдсэн бодлого зайлшгүй шаардлагатай байдаг аж.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ